Том Хэнкс Харвардын их сургуулийн төгсөлтийн баярт үг хэлэв
Анд нөхдийн мэдээ
2023-05-26
"Оскар"-ын хоёр удаагийн шагналт Холливүүдын жүжигчин Том Хэнкс өчигдөр Харвардын их сургуулийн төгсөлтийн ёслолд баяр хүргэж үг хэлжээ. Тэрбээр төгсөгчдөд хандан үнэнийг хамгаалах, Америкийн үзэл санааг дээдлэх, үнэнийг гуйвуулагчдын эсрэг тууштай зогсохыг уриалсан байна. Улмаар "Үнэн нь туршлага, тоо баримт, эрүүл саруул ухаан, тэр ч байтугай зан араншин дээр тогтохоо больжээ. Төрийн албан хаагчид хүртэл үнэнийг хэлэхээ больсон байна" хэмээн орчин үеийн нийгмийг шүүмжилсэн байна. Мөн "Би Харвардын оюутнууд, багш нар, нэр хүндтэй төгсөгчидтэй хамт ном сурч, хичээл үзээгүй, номын санд ч очиж үзээгүй. Гэхдээ би яг тэгж үзсэн хүний дүрд их сайн тоглож маш сайхан амьдарч байна даа, залуус аа” хэмээн хошигнож олныг хөгжөөсөн байна. Энэ нь Дэн Брауны "Да Винчийн код" зохиолоос сэдэвлэсэн триллер кинонд Харвардын их сургуулийн семиотик судлалын профессор Роберт Лангдоны дүрд тоглож байснаа хөгжилтэйгээр дурссан хэрэг байлаа. Тус их сургуулийн ерөнхийлөгч Лоуренс Бэкоу Т.Хэнксийг индэрт урихдаа уран бүтээлээр нь төлөөлүүлэн "Уилсоны хамгийн үнэнч найз, Баззын анд, цэрэг Райныг аврагч, Америкийн эцэг" хэмээн танилцуулсан байна. Тэрбээр 1988 онд тоглосон "Big" киногоороо "Оскар"-ын шагналд нэр дэвшсэний дараа олны анхааралд орж, 1993 онд "Филадельфи", 1994 онд "Форрест Гамп" киногоороо хоёр жил дараалан "Оскар"-ын Шилдэг эрэгтэй дүрийн шагналыг хүртсэн юм. Т.Хэнкс буяны ажил, боловсролын өргөжүүлэх зэрэг олон нийтийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог бөгөөд Вашингтон хотод Дэлхийн II дайны үеийн Үндэсний дурсгалын цогцолборыг байгуулах ажлыг удирдаж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.