Язгууртан баячуудын хүүхдүүдийн сургуульд тансаглал хориотой
Анд нөхдийн мэдээ
2023-05-25
Их Британийн Өмнөд Уэльсийн эрэг дээр байрлах Гэгээн Дөүнатын шилтгээнд амралтын өдрүүдэд Европын хаадын гэр бүлийнхэн олноор зочлов. Учир нь их сургуулиа төгсөж буй гүнжүүдийн төгсөлтийн баярыг тэмдэглэхээр эцэг эх, ах дүү нар нь "UWC Atlantic" коллежийг зорин ирсэн нь энэ байлаа. Тухайлбал, Нидерландын гүнж Алексиа болон Испанийн гүнж Леонор нар энэ жил тус коллежийг төгсөж байгаа ажээ. Алексиа гүнж эцэг эхийнхээ дэргэд цагаан торгон хувцастай зургаа авахуулж, Леонор гүнж ягаан хүрэмтэй гэр бүлийнхэнтэйгээ сэлфидэж байгаа нь бусад төгсөгчдөөс ялгарах зүйлгүй харагдсан тухай “The New York Times” сонин мэдээлжээ. Тэднээс өмнө Бельгийн гүнж Элизабэт мөн энэ сургуулийг 2021 онд төгссөн бөгөөд Леонор гүнжийн дүү Софиа ирэх есдүгээр сард тус сургуульд элсэн орох ажээ. Тус сургууль буй шилтгээн нь 12 дугаар зуунд баригдсан уламжлалт төрхөө өнөөг хүртэл хадгалж буйгаас гадна сургууль нь боловсролын дэвшилтэт бодлого хэрэгжүүлдэг тул "Хиппичүүдийн Хогвартс" гэж нэрлэгддэг байна. Хогвартс бол "Харри Поттер" романы гол баатруудын сурдаг шидтэний сургуулийн нэр билээ. "UWC Atlantic" коллеж бол дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хаадын удмынхан, язгууртан, саятнуудын хүүхдүүдийн дуртай сургууль, мөн өөр өөр гарал үүсэл, үзэл бодолтой олон оюутан нэг дор суралцдагаараа өвөрмөц сургууль юм. Хоёр жилийн сургалтын төлбөр нь 82 мянган доллар бөгөөд энэ нь бага мөнгө биш ч олон оюутан санхүүгийн тусламж авдаг, зарим нь бүрэн тэтгэлэг авдаг тухай тус сонин онцлов. Энэ коллежийн өөр нэг онцлог нь үнэтэй, тансаг хувцас, эд зүйл хэрэглэхийг хориглодог ажээ. Өөрөөр хэлбэл "Rolex" цагаа гэртээ үлдээгээд хичээлдээ явах ёстой байдаг тухай “The New York Times” бичсэн байна. Дашрамд дурдахад, тус коллежийн оюутнууд 13 цагт хичээл тараад сайн дурын ажил хийдэг, эсвэл газар тариалан зэрэг ажил эрхэлдэг гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.