Онгоцны осол болсноос хойш 17 хоногийн дараа дөрвөн хүүхэд эсэн мэнд олджээ
Анд нөхдийн мэдээ
2023-05-18
Энэ сарын 1-ний өдөр Колумбын өмнөд хэсэгт орших Амазоны ширэнгэн ойд хөнгөн онгоц осолдсон бөгөөд уг осол болсноос хойш 17 хоногийн дараа дөрвөн хүүхэд эсэн мэнд олджээ. Тухайн үед онгоц Колумбын Аракуара хотоос хөдөлж, Сан Хосе дель Гуавиаре хэмээх жижиг хотыг чиглэн хөдөлсөн бөгөөд онгоцонд нисгэгчийг оролцуулаад долоон хүн байжээ. Уг онгоц радараас алга болохын өмнөхөн хөдөлгүүрт гэмтэл гарсан тухай мэдэгдээд холбоо тасарсан байна. Осол болсон газар нь Какета голын хоёр цутгал нийлдэг бартаа ихтэй газар тул газраар нэвтрэх бараг бололцоогүй, зөвхөн агаарын замаар нэвтрэх боломжтой байсан аж. Колумбын эрх баригчид гурван нисдэг тэрэг, 100 орчим цэрэг, мөрч нохойтойгоор эрлийн ажиллагааг эхлүүлжээ. Улмаар эрлийн баг ослын газраас гурван хүний цогцос олсон бөгөөд тэдний нэг нь дөрвөн хүүхдийн хамт явсан эмэгтэй болохыг тогтоосон байна. Гэвч онгоцонд зорчиж явсан 13, 9, 4 настай, мөн 11 сартай, нийт дөрвөн хүүхэд сураггүй алга болжээ. Хүүхдүүд нь тус нутгийн уугуул витото омгийн хүүхдүүд байсан аж. Эрлийн ажиллагаа ширэнгэн ойн гүнд аадар бороо, салхи шуурга зэрэг цаг агаарын таагүй байдал дунд үргэлжилсээр байв. Улмаар хүүхдүүдийг олж аврахын тулд чадах бүхнээ хийж, хүүхдүүдийн эмээгээр төрөлх хэлээр нь “Битгий цаашаа яв. Байгаа газраа хүлээж бай” гэж хэлүүлэн аудио бичлэг хийж нисдэг тэрэгний чанга яригчаар цацаж байжээ. Ингээд осол болсноос хойш хоёр долоо хоногийн дараа буюу 17-ны өглөө ширэнгэн ойгоос модны мөчрөөр хийсэн нэгэн төрлийн “хоргодох байр” буйг илрүүлэн олж очиход хүүхдүүд эсэн мэнд байсан байна. Тус улсын ерөнхийлөгч Густаво Петро Twitter хуудсандаа "Эрлийн баг илгээж, сураггүй болсон дөрвөн хүүхдийг аварлаа" гэж мэдээлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.