images

Ихэл хуурч М.Балжир: Арван гурван настайдаа хуур хийж байлаа

Б.Бадамзул

Хөдөөгийн баясгалан

2022-10-25


Увс аймгийн Улаангом сумын Хот тохижилт, үйлчилгээний газрын ахмад ажилтан, ихэл хуурч Мишигийн Балжир манай сурвалжлагчид ийн ярилаа.

     Ихэл хууртай би мэдээ орохоосоо л нөхөрлөсөн юм. Орой малаа хотлуулчхаад ээж минь хуураа тоглоно. Хүүхдүүд бид мод барьчхаад л дуурайна. Ах дүү дөрвөөс би ганцаараа ихэл татаж сурсан даа. Тэгээд арван гурван настайдаа өөртөө зориулж хуур хийсэн. Таагаад л хийчихсэн. Тэр үеийн хунзтай цайны хайрцгаар их биеийг нь хийж, морины духны арьсаар нүүрийг нь бүрхсэн. Ишийг нь хар модоор, чихийг нь арагны бургас зорж, хөвчийг нь мөн л арагны мод, адууны сүүлний хялгасаар хийсэн юм. Гэхдээ заавал хашин морины хялгас ашиглана. “Хөнгөн чанарын морины хялгас муу дуугардаг. Харин хашин мориных сайн дуугардаг” гэж ээж хэлсэн. Хуурыг сонсголоороо л тоглож сурсан даа. “Жороо морины явдал”, “Тайгын дундуур” гэх мэт олон татлага бий.

     Би Улаангомын хот тохижилтод ажилладаг юм. Хашаандаа хүлэмжинд цэцэг тарина. Хоёр жилийн өмнө нэг өдөр манай Улаангомын Соёлын төвийн дарга Батбаатар цэцэг авахаар манайд ирлээ. Хоймор байсан хуурыг минь хараад  “Энэ хэнийх вэ?” гэхээр нь “Минийх” гэлээ. Тэгсэн “Та татаж чадах уу?” гэж байна. “Чадна аа” гээд тэр цагаас нутагтаа танигдаад, тайзнаа гарч олны өмнө хуур татах болсон доо.

     Манай аав, ээж хоёр “Баядуудаар дайраад, хотонд хоноод, дөрвөдөд үдлээд өнгөрсөн ихэл хуур” гэдэг. Энэ нь дөрвөдөд үдлээд өнгөрсөн болохоор тэд багахан тоглодог. Баядуудаар дайраад өнгөрсөн болохоор хуур нэлээд татдаг. Хотонд хоносон учраас хотонгууд бүгд сайн тоглодог гэсэн утгатай юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.