images

Хойд Солонгост Диснейн хүүхэлдэйн киногоор англи хэлний ярианы хичээл зааж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-05-11


     Хойд Солонгос улсын зарим дунд сургуульд Диснейн хүүхэлдэйн киногоор англи хэлний ярианы хичээл зааж байгаа тухай Хойд Солонгосоор дагнасан Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох “NK News” мэдээлэв. Өнгөрсөн долоо хоногт тус улсын төв телевизээр цацагдсан нэгэн баримтат кинонд Пёнян хотын элит сургууль болох "Сэгори” дунд сургуулийн сурагчид Диснейн 2013 оны "Frozen" киног солонгос хадмалтай үзэж байгаа хэсэг гарчээ. Ангийн самбарт тус хүүхэлдэйн кинон дээр гардаг  "Do you wanna build a snowman?" гэсэн үгс бичээстэй байгаа нь харагдана. Уг баримтат кинонд их удирдагч Ким Жон Уны санаачилгаар англи хэлний хичээлийн арга барилыг өөрчилсөн тухай тайлбарлажээ. Мөн “Frozen”-ий харилцан яриагаар англи хэл зааж буй багш бүсгүй дүрэм голлосон арга барилаас харилцан яриа голлосон хичээл болгон өөрчлөхөд сурагчид хичээлдээ илүү идэвхтэй оролцох болсон тухай ярьсан байна. "Сэгори" бол Хойд Солонгосын өндөр албан тушаалтнуудын хүүхдүүд сурдаг сургууль юм. Гадаад улс орнуудын соёл нэвтрэхийг хатуу хянадаг тус улс Диснейг зөвшөөрсөн анхны тохиолдол биш ажээ. Энэ оны эхээр хүүхдийн эмнэлгийн ханыг “Цасан цагаан ба долоон одой” хүүхэлдэйн киноны зургаар чимэглэсэн дүр зураг тус улсын телевизээр гарч байсан билээ. 2012 онд их удирдагч Ким Жон Уны оролцсон тоглолтод "Микки Маус", "Винни Пүү"-гийн дүрээр хувцасласан бүжигчид гарч ирж тоглож байв.  Ким Жон Ун Швейцарьт олон улсын сургуульд сурч байхдаа Германы "Modern Talking" хамтлагийн хөгжимд дуртай байсан бөгөөд найз нөхдөө Элчин сайдын яаманд урьж, Жэймс Бондын тухай кино үздэг байсан тухай "The Times" сонин мэдээлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.