Италийн ерөнхий сайд Майн баяраар “кино хийсэн” нь
Анд нөхдийн мэдээ
2023-05-03
Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони Ром дахь ерөнхий сайдын албан өргөөнд Майн баярын өдрөөр Засгийн газрын хуралдааныг даргалж, хөдөлмөрийн зах зээлийн шинэчлэлийн багц хуулийн төслийг баталсан байна. Хуулийн төслийн гол санаа нь 2019 оноос хэрэгжиж эхэлсэн “Иргэний орлого”-ын бодлого болон аж ахуйн нэгжүүд 12-24 сарын хугацаатай богино хугацааны хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжийг хөнгөвчлөхөд чиглэжээ. Ерөнхий сайд уг хуулийн төслийн зорилгыг 3 минут 34 секундын видеогоор дэлгэрэнгүй тайлбарласан байна. Хамгийн анхаарал татсан зүйл бол тус видео бичлэгийг бүтээсэн арга юм. Ж.Мелони ажлын өрөөнөөсөө хурлын танхим руу энгийн алхах явцдаа камер руу харж хуулийн төслийг тайлбарлана. Улмаар ордны гурван хаалгаар нэвтрэн гарсны дараа Засгийн газрын хуралдаан болж буй хаалттай хаалган дээр ирээд "Хуулийн төслийн талаарх тайлбар ингээд дууслаа. Одоо үүнийг ажил хэрэг болгоё" гэж хэлнэ. Төгсгөлд нь “Та бүхэнд Майн баярын мэнд хүргэе. Одоо би ажилдаа орлоо” гээд хурлын өрөө рүү явж орно. Хаалга онгойход яамдын сайд нар дугуй ширээ тойрон сууж байх бөгөөд тэдний хэн нь ч камер луу эргэж харалгүй ерөнхий сайдын орж ирэхийг хүлээнэ. Улмаар ерөнхий сайд суудалдаа очиж суугаад хурал эхэлснийг мэдэгдэж хонх дуугаргаад эргэж камер луу харан инээмсэглэснээр бичлэг дуусна. Энэ талаар тус улсын "La Repubblica" сонин "Кино найруулагч Паоло Соррентиногийн "Il Divo" улс төрийн киног үзсэн мэт сэтгэгдэл төрүүллээ. Манай улс төрд урьд өмнө хэзээ ч байгаагүй дүр зураг" хэмээн тайлбарлажээ. Мөн "Il Mesa Zero" сонин "Ерөнхий сайд Мелони хуулийн төслийг тайлбарлахын оронд кино хийжээ" гээд сөрөг хүчин нь үүнд шүүмжлэлтэй хандаж байгаа тухай мэдээлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.