Профессор С.Гомбо: Монголын Гадаад харилцааны сайд Хятадад айлчилж хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэв
Чихэнд чимэгтэй
2023-05-02
Хятадын CGTN телевизийн вэбсайтын “Үзэл бодол” буланд Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн орон тооны бус зөвлөх, Оросын Санкт-Петербург хотын цэргийн сургуульд докторын зэрэг хамгаалсан профессор С.Гомбо Гадаад харилцааны сайт Б.Батцэцэгийн Хятад улсад хийж буй айлчлалтай холбогдуулан үзэл бодлоо илэрхийлснийг хүргэж байна.
Монгол улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Хятадын Гадаад харилцааны сайд Цинь Ганы урилгаар тавдугаар сарын 1-2-нд тус улсад айлчиллаа. Хоёр улсын Гадаад хэргийн сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар санал солилцжээ. Монгол улс БНХАУ-тай 1949 оны аравдугаар сарын 16-нд дипломат харилцаа тогтоосноос хойш 73 жил болж байна. Хятад улстай найрсаг харилцаагаа хөгжүүлэх нь Монголын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл мөн. Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол хөдөлгөгч хүч нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа юм. Тухайлбал, өнгөрсөн онд хоёр улсын худалдааны эргэлт 10.1 тэрбум долларт хүрсэн. Манай улсын экспортын 89 хувь, импортын 33 хувийг Хятад улс дангаараа бүрдүүлж байна. Монгол улс 2019 онд 36 сая тонн нүүрс экспортолсон бөгөөд манай гадаад худалдааны бүтцэд уул уурхайн бүтээгдэхүүн зонхилдог. Манай улсын нүүрсний экспортыг жилд 70 сая тоннд хүргэх саналыг Хятад улс дэмжсэн. Тус улс жилд 4.3 тэрбум тонн нүүрс хэрэглэдэг бөгөөд үүний 3.7 тэрбум тонныг дотоодоосоо, үлдсэн 611 сая тонныг гадаадаас импортоор авдаг. 2022 оны арваннэгдүгээр сарын байдлаар Монголоос Хятад руу 24.4 сая тонн нүүрс экспортолжээ.
Монголын Засгийн газар Хятадын “Нэг бүс, нэг зам” санаачилгыг сайхан боломж гэж үзэж байна. Манай улс уг санаачилгад 2014 оны хавар нэгдэж "Талын зам" төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Монгол улс БНХАУ-тай хамтран "Талын зам" төлөвлөгөө болон "Нэг бүс, нэг зам" санаачлагыг үргэлжлүүлж буй нь Монгол улсын Шинэ сэргэлтийн бодлого, Хятадын Даян дэлхийн хөгжлийн санаачилга хоорондын уялдаа холбоо хоёр орны харилцааг хөгжүүлэх хөдөлгүүр бүтээж байна.
2021 оны хичээлийн жилд Хятадын их дээд сургуульд суралцаж буй монгол оюутны тоо 11 мянгад хүрч, 220 оюутан Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан. Хоёр талын хамтын хүчин чармайлтын үр дүнд сүүлийн 20 жилд Хятад, Монголын харилцаа эрчимтэй, тогтвортой хөгжиж байна. Монгол улсын Гадаад хэргийн сайдын энэ айлчлал Монгол, Хятадын харилцааны хөгжилд түлхэц болох юм. Гадаад хэргийн сайд нар худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар хэлэлцэнэ. Өнөөгийн дэлхийн улс төр, эдийн засгийн тогтворгүй байдлын улмаас хөгжил цэцэглэлт олон сорилттой тулгарч байна. Энэ хүнд хэцүү сорилтыг даван туулахын тулд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг дэвшүүлж, улс орнууд эв санаагаараа нэгдэж, өөрчлөгдөж буй олон улсын нөхцөл байдалд дасан зохицож, аюулгүй байдлын ээдрээтэй, харилцан уялдаатай сорилтуудыг хэн хэндээ ашигтайгаар хамтдаа шийдвэрлэхийг уриалсан. Мөн Монгол улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол, Хятад нь Азийн орнууд учраас Азийн үнэт зүйлсийг баримтлан бүс нутаг, дэлхий дахинд энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахад хамтран зүтгэвэл эдгээр сорилт бэрхшээлийг даван туулах болно гэдгийг онцолсон билээ. Тиймээс бид бие биенээ илүү ойлгож, дэмжиж, нягт хамтран ажиллах хэрэгтэй байна. Айлчлалын өөр нэг ач холбогдол нь бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, гүнзгийрүүлэх, аюулгүй байдлыг тогтворжуулах явдал юм. Энэ айлчлал Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэх зорилготой.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.