images

Хятад, Монгол улс шар шороон шуурганы эсрэг хамтран тэмцэнэ

Д.Бизьяа

Чихэнд чимэгтэй

2023-05-02


     БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Цинь Ган өчигдөр Бээжин хотноо Монгол улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэгийг хүлээн авч уулзан шар шороон шуурганы гамшгаас сэргийлэхэд хамтран ажиллах талаар санал бодлоо солилцов. Уулзалтаар БНХАУ-ын умард нутаг, Монголын говиос үүсэлтэй шар шороон шуурганаас сэргийлэх хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хоёр улсын тогтвортой хөгжлийг хамтдаа дэмжин ажиллахаар тохиролцжээ. Солонгос, Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтоо гарсан "Хятадын шар шороон шуурга" гэсэн нэр томьёонд Хятад улс тайлбар хийж, энэ жил хамгийн хүчтэй нүүрлэсэн уг шуурга нь Бээжингээс 600 километрийн  зайд орших Монголын говиос эхлэлтэй болохыг хэлж байсан билээ. Хоёр орны харилцааны талаар сайд Цинь Ган хэлэхдээ "Хятад улс Монгол улстай хамтран ажиллаж, бие биенийхээ язгуур ашиг сонирхлыг дэмжин, улс төрийн харилцан итгэлцэл, ард түмний найрамдлыг ахиулахыг ямагт хүснэ. “Нэг бүс, нэг зам” бодлогын хүрээнд ашигт малтмалын салбарт хамтын ажиллагаа улам бэхжинэ гэдэгт найдаж байна" гэжээ. Энэ талаар сайд Б.Батцэцэг “БНХАУ-тай тогтвортой, найрсаг, олон талт хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэх нь Монгол улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл мөн” гээд “Монгол улс "Нэг Хятад" зарчмыг баримталж, Тайвань, Хонконг, Төвдийн асуудлыг Хятадын дотоод хэрэг гэж үздэг” гэсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.