images

Цэцэрлэгийн хүүхдүүд жимс, ногоогоо өөрсдөө тарьж байна

Б.Бадамзул

Хөдөөгийн баясгалан

2022-10-21


     Булган аймгийн Хутаг-Өндөр сумын улсын тэргүүний "Гацуурхан" цэцэрлэг жил бүр уламжлал болсон "Алтан намар" наадам болон "Дэлхийн тогооч нарын өдөр"-ийг хамтатган тэмдэглэв. Уг цэцэрлэг 2014 оноос эхлэн цэцэрлэгийн хашаандаа хүүхэд, багш, ажилчид чацаргана, үхрийн нүд, бөөрөлзгөнө, 2017 оноос эхлэн төмс, манжин, лууван, сонгино, өргөст хэмх, улаан лооль, амтат чинжүү,  газрын алим тариалах болсон аж.  Хаврын дунд сараас анги бүр хүлэмжинд тариалах ногоогоо үрслүүлж, тариалах цаг нь болоход хуваарьт талбайдаа шилжүүлэн суулгана. Хуваарьт талбай гэхийн учир нь цэцэрлэгийн долоон бүлэг, багш ажилчид нийлээд найман ил талбай, гурван хүлэмж хариуцна. Үүнээс гадна хавар, намартаа багш, ажилчид байгалиас гишүүнэ, мойл, нэрс, аньс, өрөл түүж, түүгээрээ жимсний чанамал, ундаа бэлтгэн хүнсэндээ хэрэглэдэг ажээ.

“Манжин” үлгэрийг бодитоор... Хормогч, ханцуйвч, хүрз, зээтүүгээр зэвсэглэсэн багачууд манжин татаж буй нь.

 

     Цэцэрлэгийн эрхлэгч С.Мөнхцэцэг энэ талаар ярихдаа "Хүүхдүүдээ энгийн хөдөлмөрт сургах, эрүүл хүнс хэрэглэж сургах зорилготой эхэлсэн санаачилга юм. Хүүхдүүд ногоо тарих, услах, хураах, түүгээрээ өөрсдөө зууш бэлтгэх их дуртай. Бид хүнсний ногоогоо ямар нэг бордоогүйгээр зөвхөн усалж, арчилж ургуулдаг. Аймгийн хэмжээнд зарладаг "Эко сургууль, цэцэрлэг" шалгаруулах уралдаанд гурван жил дараалан тэргүүн байранд орсон. Хүнсний ногооны 20 орчим хувь, жимс жимсгэнээ 100 хувь өөрсдөө хангадаг. Өөрсдийн тариалсан, түүсэн жимс, жимсгэнэ, хүнсний ногоог цэцэрлэгтээ зах зээлийн үнээр нийлүүлж,  орлогыг сургалтын хэрэглэгдэхүүн, анги танхимын тохижилт зэрэгт зарцуулдаг" гэв.

    Мөн үүнээс гадна тус цэцэрлэг зөвхөн сумын төвд бус харьяа гурван багт салбар цэцэрлэгтэй. Салбарууд мөн адил ногоо, жимсгэнээ тариалдаг. Бас малчдын хүүхдэд зориулан зун бүр явуулын цэцэрлэг, өвөлд 21 хоног тутамд “Номын богц” аялуулдаг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.