images

Д.Энхбаатар: Жуулчны бааз маань миний хувьд бизнес гэхээсээ илүүтэй уран бүтээл юм

Н.Ариунсайхан

Бид ингэж эхэлсэн

2023-04-12


“Би ингэж эхэлсэн” булангийн ээлжит зочноор арав гаруй жилийн өмнө аялал жуулчлалын салбарт эхлүүлсэн бизнесээ амжилттай авч яваа “Аяны анд” ХХК-ийн захирал Д.Энхбаатар оролцлоо.  

      1990-ээд онд хүүхдүүд бүгд л эцэг эхдээ туслахыг боддог, өөрсдөө таван төгрөг олохын тулд ямар ч ажлыг голохгүй хийдэг байсан үе. Би ч мөн адил 14 настайгаасаа вагонд ачаа ачуулж, ах эгчийнхээ барааг зөөж өгдөг хүүхэд байлаа. Бусдын л адил хүнээс гуйхгүй, өөрийгөө болгож явсаар овоо ч ажлын дөртэй болж, 16 хүрдэг жилээ багаасаа мөрөөдсөн Дүрслэх урлагийн сургуульдаа ч элсэв. Дан ганц хичээлдээ яваад сургууль дээрээ л ирж очно гэдэг надад нэг л уйтгартай, хажуугаар нь хэрэглээний ч мөнгөгүй болох үе олон. Ядаж л унаа, хоолны мөнгөө өөрөө олохын тулд дээд күрсийн ах нараа дагаад захиалгаар зураг зурж, мужааны ажилд нь дагаж яваад тусалдаг болов. Хичээлээ тараад нэг цехэд очоод орой болтол модоор юм хийж, бүрэнхийтэй зэрэгцэн гэртээ харина. Өглөө нь эргээд л ном журмаараа хичээлдээ явна. Хажуугаар нь нэг наймаа хийдэг “баатар” болоод эрээн явж, Дэнжийн мянгын зах дээр бүтэн жил хувцас зарсан ч амжилт олоогүй. Гэрийнхэн маань хичээл номдоо анхаарахгүй юм гээд л болиулсан ухаантай, тэгээд ч хэсэг азная гээд сургуулиа төгстөл зөвхөн зургаа л зурав.

     Ерөөсөө л би мэргэжлээрээ л ажиллах юм байна гээд төгсөнгүүтээ нэг жил уран бүтээлээ хийнэ гээд гэртээ суув. Эхэндээ аятайхан болмоор байсан ч мөнгө төгрөг олигтой олохгүй, хоосон хонох нь холгүй юм боллоо. Эргээд л чихмэл тоглоом оёж хорооллын дэлгүүрүүдэд зарж, Их дэлгүүрийн хавьд жуулчинд зориулсан зураг борлуулдаг дэлгүүр нээнэ, бэлэг дурсгалын барааны үйлдвэр байгуулна гээд баахан хүн цуглууллаа. Урагштай болж өгсөнгүй. Энэ бүх хугацааны туршид нэг л сайн хийж чадсан зүйл минь 20 настайдаа хаяг рекламын самбар хийдэг компани байгуулж, тэр маань 10 жил үйл ажиллагаа явуулсан. Одоогийн энэ гудамж талбайд харагдаж байгаа гадаах хаяг, рекламын самбарын дизайныг хийж байлаа. Олон зүйл эхлүүлэх гэж оролдож туршиж үзсэн ч нэг л зүйл шаналгадаг болов. Монголчууд бүгдээрээ хэрэглэгч болчхож. Хаяг реклам хийлээ гэхэд бүх материал, тоног төхөөрөмжийг нь Хятадаас зөөнө. Авчраад худалдана. Эргээд Хятад руу мөнгөө гаргана. Өөрсдөө цэвэр орлогоо олж, Монголдоо мөнгөө эргэлдүүлэх нь ховор. Ченжийн дамын бизнес дэндүү утгагүй, уйтгартай. Ингэж бодсон цэгээс эхлэн ажлаа сольсон. Гэхдээ мэргэжилтэйгээ, өөрийнхөө хүсэл мөрөөдөлтэй илүү нягт, уялдаатай болгож. Монголчууд бид хаа нэгэн газраас лаазтай шилтэй юм оруулж ирээд зарах биш, бидэнд ойрхон байгаа зүйлээ орлого болгох нь илүү сонирхолтой юм гэсэн санаа төрсөн учиртай.

    2010 оноос аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлж эхлүүлэхээр сэтгэл шулуудаж "Mongol Nomadic" нэртэй компани байгуулав. Би өөрөө зураач хүн, хийх гэж буй зүйлээ бизнес гэж харахаас илүү уран бүтээл гэж хардаг. Тэр ч утгаараа мэргэжилтэйгээ илүү ойртож, хүмүүсийг яаж зохион байгуулж, сонирхолтой ямар зүйлсийг хүмүүст үзүүлж, юу өмсгөвөл үзэмжтэй байх талаар тувт бодож, хамаг сэтгэл зүрхээ үүн тийш нэгмөсөн хандуулав. Аялал жуулчлалын бизнес өөрөө маш органик бизнес. Газар ухахгүй, гадаадаас бараа татахгүй. Монгол байгаль, ахуйгаа зөв сайхан зохион байгуулж, харуулж чадвал хамгийн ногоон бизнес. Хөдөө хаана ч очсон монгол ахуй байгаа. Нэг жилийн турш бэлтгэлээ базаагаад, 2011 оноос аялал жуулчлалын салбарынхантай харилцаж эхэлсэн. Гурав дөрвөн жил бэлдэж, нэгдсэн зохион байгуулалтад оруулах гэсэн боловч ер бодсон шиг болдоггүй. Наад зах нь л гэхэд бааздаа адуу мал авчирч сургана гэдэг тийм амар ажил биш ажээ. Хайнагийн шар энд ховор болохоор хангайн аймгуудаас авч ирнэ, үхэр мал цуглуулахдаа зүгээр нэг тэргэнд ордог, эдэлдэг үхэр авахыг хүсээгүй. Илүү сонирхолтой байх үүднээс хамгийн өнгө зүс сайтайг нь, адуу гэвэл арай том биетэйг нь сонгоно. Авчирч цуглуулснаа сургах нэг хэрэг, бүхэлд нь зохион байгуулна гэдэг өөр хэрэг аж. Гадаадад ажил төрлөөр явахдаа тааралдсан, уулзсан болгондоо “Монголд аялаач, манайд ирээч” гэж зурсан зураг, дарсан фото сэлтээ зогсоо зайгүй үзүүлж явна. Манай тур компаниудын гадаад сурталчилгааны материал нь онгон байгаль, монгол ахуйг л үзүүлж байгаа боловч жуулчин яваад ирэнгүүт нөгөө зураг дээр харсан шиг нь биш, анх харснаас нь зөрдөг нь ажиглагддаг. Энэ бүхнээс дүгнээд, бааздаа жинхэнэ монгол нүүдэлчний амьдралыг яг байгаагаар нь харуулдаг байя гэж шийдэв. Баазын маань бусдаас ялгарах онцлог, өвөрмөц ондоо шинж нь энэ л байг гэж тогтов.

    Гэвч ингээд асуудал шийдэгдчихсэнгүй. Гадаадын тур операторууд урьсны зоргоор жуулчнаа аваад ирнэ гэж байдаггүй юм билээ. Баазаа ямар ч байсан нээчихвэл л учиртай гэж бодсон чинь бас тийм байсангүй. Үйл ажиллагаагаа эхлүүлээд хоёр дахь жилдээ орсон ч долоо хоногт гурав, дөрвөн хүнээс хэтэрдэггүй ээ. Дараагийн жилүүдэд ч бас адилхан. Ажиллуулж байгаа хүмүүсийнхээ цалинг тавихад ч бэрхшээлтэй болж ирсэн боловч урд хормойгоо хойд хормойгоороо нөхөөд тэсээд л байлаа. Өчнөөн хөрөнгө зарж бааз байгуулаад, улс амьтанд баахан юм үзүүлэх гээд бэлдчихсэн байдаг, гэтэл хүн ирэхгүй байх ямар хүнд гээч. Тэр үеийг л тэсэж гарах хамгийн хэцүү. Тэгээд дөрөв дэх жилээсээ арай дээрдэж, зочид тогтмолжиж, яваандаа тоо нь ч нэмэгдэж, тэр хэрээр ашиг орлоготой болж ирсэн дээ. Яг эхэлснээс хойш одоо ингээд арван жил өнгөрсний дараа “Анх төсөөлж байсан тэр төсөөлөл маань буруу байгаагүй юм байна” гэж бодогддог юм. Гэхдээ аялал жуулчлалын зах зээл ямар нэгэн шинэ юмыг шууд хүлээж авдаггүй юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Хамгийн гол нь, жинхэнэ нүүдэлчдийн зуу зуун жилийн өмнөх амьдрал ямар байсан бэ гэдгийг дэлхий нийт аль болох бодит байдлаар нь харахыг үргэлж хүсдэг юм байна, энэ сонирхол нь хэзээ ч буурахгүй юм байна гэдгийг мэдэж авсан маань арван жил зүтгэсний маань хамгийн гол үр дүн, өгөөж, үнэ цэн юм даа.   

Mongol Nomadic” бааз нь Улаанбаатар хотоос 55 километрийн зайд Төв аймгийн Аргалант сумын нутаг Шийр хайрхан уулын өвөрт байрладаг бөгөөд зуугаад жилийн өмнөх монгол айлын хэв шинж, нүүдэлчин ахуйг үзүүлдэг байна. 2018 онд гэр галерей байгуулж, монгол ёс уламжлал, ахуйг дүрсэлсэн уран зураг, фото зургийн үзэсгэлэн тогтмол гаргадаг болжээ. Ирсэн жуулчдад хоёр цагийн турш үндэсний дуу хөгжмийн тоглолт үзүүлж,монгол ёс уламжлалыг дэргэдээс нь үзэж, сонсож, ойлгох боломжийг бүрдүүлдэг байна. Сүүлийн жилүүдэд үйлчлүүлэгч жуулчдын тоо улам бүр өссөөр, тогтмолжжээ. Тэрбээр бааздаа 400 гаруй сарлаг болон адуу, тэмээ адгуулдаг байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.