images

XIII зуунд Хархоринд ирсэн франц аялагчийн нутагт Монголын соёлын өдрүүд болж байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-04-05


     Францын нийслэл Парис хотын ойролцоох Лонжюмо хот бол 13-р зууны үеийн Монголын эзэнт гүрний удирдагчдыг IX Иннокэнт пап ламтай холбох (1245–1247) харилцаанд түүхэн чухал үүрэг гүйцэтгэсэн алдарт аялагч Андрэгийн төрсөн хот билээ. Андрэ дө Лонжюмо хоёр дахь удаагаа  Монголын эзэнт гүрнийг зорихдоо (1249–1251) IX Луи хаанаас Гүег хаанд илгээсэн захидлыг хүргэсэн гэдэг. Тэгвэл энэ удаа тус хотын захиргаанаас гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 9-ний хооронд “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ үеэр Монголын арав гаруй уран бүтээлчийн уран зургийн үзэсгэлэнг дэлгэж “Нүүдэлчин хүүхдүүд”, “Цэнхэр ханцуйт” киног дэлгэцнээ гаргаж буй ажээ. Мөн “Өнөөгийн болон өчигдрийн Монгол: Нүүдлийн болон суурин амьдралын хэв маяг”, “Аялал жуулчлалын шинэ чиглэл”, “Торгоны замын түүхэн дэх Монголын үүрэг”, “Монголын Эзэнт гүрэнд зорчсон дундад зууны аялагчид-Лонжюмогийн аялагч Андрэгийн тухай” зэрэг хэлэлцүүлэг, “Монгол улсаас Лонжюмо хүртэл: Торгоны зам биднээр дайрч өнгөрсөн нь” сэдэвт семинар зохион байгуулав. Үүгээр зогсохгүй монгол ардын үлгэр, шагайн наадгай, хувцас, уламжлалт болон орчин үеийн эд зүйлс, уран бичлэгийн үзэсгэлэн гаргаж байна. Энэ арга хэмжээг тус улсын “Алтан хаан” галерейн захирал Дидьэ Буассэ анх санаачилжээ. Эл өдрүүдээр Лонжюмо хотын хүүхэд залууст Монголын түүх, соёл төдийгүй тус хотын уугуул, алдарт аялагч Андрэ дө Лонжюмогийн тухай таниулж, Монголд аялах хүсэлтэй иргэдэд мэдээлэл өгч байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.