Их Британийн хунтайж Уильям Польшид гэнэт айлчлав
Анд нөхдийн мэдээ
2023-03-23
Их Британийн угсаа залгамжлах хунтайж Уильям Польш улсад гэнэт айлчилж, Украиныг дэмжихийг холбоотнууддаа уриалсан тухай “Associated Press” агентлаг мэдээлэв. Тэрбээр Польшийн зүүн өмнөд хэсэгт орших Ржешув хотод Британи, Польшийн цэргүүдтэй уулзсан байна. 200 мянган хүн амтай, Украины хилээс ердөө 65 км-ийн зайд орших тус хот нь Украинд цэргийн болон хүмүүнлэгийн тусламж хүргэх төв, дүрвэгсдийн чухал зам болдог ажээ. Дараа нь хунтайж Варшавыг зорин Украинаас саяхан ирсэн 300 дүрвэгчийг хүлээн авч байгаа төвд зочилж, дүрвэгсэдтэй уулзаж, хүүхдүүдтэй ширээний теннис тогложээ. Тэрээр Британийн ард түмэн, Польшийн харилцаа холбоог өндрөөр үнэлж, хоёр орны Украиныг дэмжих чиглэлээр хамтран ажиллаж байгааг сайшаасан байна. Их Британи улс Польш болон Балтийн орнууд руу цэргээ илгээж, Украинд 2,3 тэрбум паундын цэргийн тусламж үзүүлсэн бөгөөд мөн цаашид 220 сая паундын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ амласан байна. Тус улсын удирдагчид Польшид байнга айлчилж, НАТО болон Украиныг дэмжиж байгаагаа илэрхийлдэг бол Уильям зэрэг хааны гэр бүлийн өндөр дээд албан тушаалтнууд улсынхаа бэлгэ тэмдэг болж, цэрэг дайчдын хичээл зүтгэлийг үнэлж байгаагаа илэрхийлдэг нь маш том давуу тал болдог тухай тус агентлаг онцолсон байна. Хунтайж Уильям өөрөө цэргийн алба хааж, цэргээс халагдсаны дараа агаарын болон тэнгисийн аврах онгоц жолоодож байжээ. Өнөөдөр тэрбээр Польшийн ерөнхийлөгч Анжей Дудатай уулзаж, Польшид ажиллаж, сурч байгаа украин залуучуудтай ярилцахаар төлөвлөж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.