images

Дели: Монголын гурван боксчин ДАШТ-ий медалийн төлөө тулалдах гэж байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-03-22


     Эмэгтэй боксчдын 13 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Дели хотноо болж байна. Энэ тэмцээнд 65 орны 324 тамирчин оролцсоны найм нь манай улсын тамирчин юм. Өнөөдрөөс дунд шөвөгт шалгарсан тамирчдын медалийн төлөөх тулаан эхэлж буй бөгөөд манай улсын боксын спортын түүхэнд анх удаа гурван тамирчин тунаж үлдлээ. Тодруулбал, 48 килограммын жинд Л.Алтанцэцэг Францын Р.Беннамаг 5:0, БНХАУ-ын Ху Мей Юүг 5:0-ээр ялж, шөвгийн наймд шалгарав. Тэрбээр Монголын цагаар 16:30 минутаас Узбекистаны 19 настай тамирчин, энэ оны залуучуудын Азийн аварга Ф.Фозиловатай хүрэл медалийн төлөө тоглоно. Мөн 52 килограммын жинд өрсөлдөж буй О.Есүгэн өнөөдөр 17 цагийн үед Европын аварга итали боксчин С.Чараабитай тулалдах ажээ. Тэрбээр урьдчилсан шатанд Тайландын П.Тинтабтайг 4:1-ээр, Мозамбикийн Х.Багаог цэвэр ялж, дунд шөвөгт үлдсэн байна. Түүнчлэн 54 килограммын жинд Вьетнам, Марокко, Бразилын боксчдыг дараалан ялж, шилдэг наймд шалгарсан М.Энхжаргал Италийн боксчин О.Савчуктай тулалдах юм. Энэ тулаан 21 цагийн үед болох бөгөөд ДАШТ-ийг Premier Sports Network суваг шууд дамжуулна. Мөн энэ жилийн эмэгтэйчүүдийн боксын ДАШТ өмнөхөөсөө шагналын сан өндөр гэдгээрээ онцлог. Тухайлбал, алтан медаль хүртсэн тамирчин 100 мянга, мөнгөн медаль хүртвэл 50 мянга, хүрэл медаль авбал 25 мянган долларын шагнал авах ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.