images

Зүүн Өмнөд Азийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээнийг Монголд зохион байгуулах хүсэлтээ илэрхийлэв

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-03-01


    Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо Азийн шатрын холбооны дээд хэмжээний уулзалт болж байна. Тус уулзалтад Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар нар оролцож байгаа бөгөөд уулзалт хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 3-ны хооронд болох юм. Уулзалтын эхний хоёр өдрийн байдлаар манай улс хэд хэдэн шатрын тэмцээний урилга хүлээн авч, бусад орнуудтай хамтын ажиллагааны хэлэлцээ хийжээ. Тухайлбал, Тайландын шатрын холбооны ерөнхийлөгч ирэх 11 дүгээр сард болох тэмцээндээ манай улсаас хоёр шатарчин оролцуулахыг хүссэн байна. Мөн Хятадын шатрын холбооны удирдах албаны хүмүүстэй уулзаж тус улсын лигт монгол тамирчдаа оролцуулах талаар тохиролцжээ. Улмаар Тайванийн Тайчунг хотноо долоодугаар сард болох Зүүн Өмнөд Азийн өсвөрийн шатарчдын аварга шалгалуулах тэмцээний урилга, удирдамжийг хүлээн авав. Тус тэмцээн нь шатрын олон улсын мастер, эмэгтэйчүүдийн олон улсын мастер цолыг онцгой эрхтэй олгодгоороо өсвөрийн шатарчдын чухал тэмцээнүүдийн нэг болжээ. Мөн манай улс уг тэмцээнийг 2024 онд эх орондоо зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд тун удахгүй хариу хэлэх гэнэ.

     Хурлаар Азийн шатрын холбооны их хурлын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төслийг танилцуулжээ. Энэ нь шатрын спортыг хөгжүүлэх, тэмцээн зохион байгуулах, клубүүдийн системийг сайжруулах төсөл бөгөөд манйа улс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг хүсэх хүсэлт илгээх эрхтэй болсон байна. Тус албан хүсэлтийг Олон улсын шатрын холбоо өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 31 хүртэл хүлээн авч, хоёр долоо хоногийн дотор шийдвэрлэх аж. Мөн манай улс Азийн шатрын холбооны ерөнхийлөгч Шейх Султан Халиба Сахбүт Аль Нахяныг Монголд хүрэлцэн ирэхийг урьжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.