images

10 баримт: Нарүхито

Ж.Ариунгэрэл

10 баримт

Анд нөхдийн мэдээ

2023-02-23


Японы эзэн хаан Нарүхитогийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Гурван жилийн өмнө хаан ширээнд суусан тэрбээр 63 нас хүрч байгаа юм. 

1. Японы анхны эзэн хаан Жиммүгээс (МЭӨ 660-585) эхлэн тоолбол Нарүхито нь тус улсын 126 дахь эзэн хаан болно.

2. Тэрбээр 1960 онд өвөө Хирохитогоо хаан (Шёова) байх үед угсаа залгамжлах хунтайж Акихитогийн ууган хүү болон мэндэлжээ.

3. Нарүхито Японы язгууртан, чинээлэг хүмүүсийн хүүхдүүд сурдаг Гакүшюүн сургуульд дөрвөн настайдаа элссэн бөгөөд багаасаа теннис наадах, хийл тоглох, ууланд авирах дуртай болж хүмүүжжээ.  

4. 1974 онд Акихито эзэн хаан хүү Нарүхитогоо 14 настайд нь Австралийн Мэльбурн хотын нэгэн бизнесмэнийд олон сараар суулгаж байсан нь хааны угсааныханд урьд өмнө тохиолдож байгаагүй явдал байв.

5. Сургуулиа дүүргээд Английн Оксфордын их сургуульд дөрвөн жил суралцжээ. Оюутан байхдаа Англи, Шотланд, Үэльсийн хамгийн өндөр оргилуудад гарсан. Оксфордод сурсан тухайгаа хожим ном бичсэн бий. Оксфордын дараа Гакүшюүн их сургуульд суралцан түүхийн ухаанаар зэрэг хамгаалсан.

6. Нарүхито 1986 онд Испанийн гүнж Еленагийнд зочилж байхдаа Токиогийн их сургуулийн оюутан Масако Овадатай танилцаж сэтгэл алдраад, ихээхэн саад бэрхшээлийг давсны эцэст 1989 онд хуримлажээ. Тэд 2001 онд төрсөн нэг охинтой.

7. Тэрбээр усны бодлого, усны зохистой хэрэглээг ихээхэн сонирхдог, Дэлхийн усны бодлогын форумын хүндэт ерөнхийлөгч болж байсан бөгөөд дотоод, гадаадад болдог усны асуудлаарх хурал зөвлөгөөнд байнга оролцдог байна. Мөн Улаан загалмай, Скаутын хөдөлгөөнийг идэвхтэй дэмжиж үйл ажиллагаанд нь оролцдог ажээ.  

8. Эзэн хаан нь ууланд дуртайг бэлгэдэж Японы Шизүока, Яманаши аймгуудад түүний төрсөн өдрийг “Фүжи хайрханы өдөр” хэмээн тэмдэглэдэг.  

9. Тэрбээр 2019 оны 10 дугаар сард хаан ширээнд суусан бөгөөд өнгөрөгч оны есдүгээр сард Английн хатан хааныг хөдөөлүүлэх ёслолд хатны хамтаар оролцсон нь эзэн хааны гэр бүлийн хилийн чанад дахь анхны айлчлал байв.

10. Нарүхито угсаа залгамжлах хунтайж байхдаа буюу 2007 онд Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойгоор Монголд айлчилсан бөгөөд эртний нийслэл Хархорин, Өгий нуурт очиж, малчин айлд зочлохоос гадна Морин хуурын чуулга болон Улсын филармонийн хүндэтгэлийн концeртод өөрөө оролцон эрдүү хийлээр япон ардын хоёр аялгууг тоглож үзүүлсэн билээ (зураг дээр).      

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.