images

Вашингтон хот орчмын монголчууд сар шинийн баяраараа Чингис хааны хөргийг залав

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-02-22


     АНУ-ын нийслэл Вашингтон хотын монголчууд "Сар шинийн барилдаан Монгол соёлын өдөрлөг"-өө хоёрдугаар сарын 19-нд хийжээ. Энэ үеэр Америк дахь Монголын соёлын элч Н.Ганхуягийн бүтээсэн Чингис хааны эш хөргийг залах ёслол үйлдсэн байна. Мөн Монгол, Өвөр Монголын дуучид урлагийн тоглолт хийсэн бол үндэсний бөхийн барилдаанд 24 бөх зодоглож жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер, гавьяат тамирчин С.Мияарагчаа түрүүлж, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Б.Баянмөнх үзүүрлэжээ. Харин шагайн харвааны тэмцээнд дөрвөн багийн 23 харваач оролцжээ. Сар шинийн баярт оролцсон хүүхдүүдийг мөн шагайгаар морь уралдуулсанд 20 гаруй хүүхэд оролцсоноос Г.Анарын цагаан бор морь түрүү магнай болж, М.Сорхагтаны хар ногоон морь удаалж, М.Сугарын шарга морь гуравдугаар байрт, Г.Аранзын бор морь дөрөвдүгээр байрт, И.Батболдын халиун морь айргийн тавд орсон хэмээн АНУ-д суугаа Монголын Элчин сайдын яам мэдээлэв. Түүнчлэн шагай шүүрэх болон дэмбээний тэмцээн явуулж, уламжлалт тоглоом наадгайгаараа өргөн дэлгэр нааджээ. Энэ үеэр хэд хэдэн хүнд шагнал гардуулсан байна. Тухайлбал, уртын дууч Б.Ганчимэгийг Соёлын тэргүүний ажилтан, “Монгол эрдэм" сургуулийн багш Отгонжаргалыг Боловсролын тэргүүний ажилтан, Вашингтон хот орчмын бөхийн барилдааны засуулаар олон жил ажилласан жолооч Д.Дашдоржийг "Онц тээвэрчин" тэмдгээр шагнажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.