У.Хүрэлсүх, В.Зеленский нар утсаар ярьжээ
Чихэнд чимэгтэй
2023-02-22
Украины ерөнхийлөгч В.Зеленский өчигдөр Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй утсаар ярьсан тухайгаа “Twitter”-т жиргэжээ. Тэрбээр бичихдээ “Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй утсаар ярилаа. Оросын түрэмгийллийн золиосонд амь хохирсон хүмүүст тэрбээр гүн эмгэнэл илэрхийлснийг хүлээн авав. Хоёр талын харилцааг хөгжүүлэхийн чухлыг бид онцлон тэмдэглэлээ” гэсэн байна. В.Зеленский жиргээгээ украин, англи хоёр хэлээр бичсэн бөгөөд Улаанбаатарын цагаар шинийн нэгний өглөөний 8 цагт бичсэнээс хойшх 24 цагийн хуцгасаанд уг жиргээг ойролцоогоор нэг сая хүн үзэж, 2000 шахам хүн retweet хийжээ. Жиргээний дор түүнийг дэмжсэн монголчууд олноор сэтгэгдэл бичсэний дотор УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэл, Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудай нарын олны танил хүмүүс цөөнгүй байна. Харин Ерөнхийлөгчийн Тамгын газар энэ талаар мөн 21-ний өдөр нийтэлсэн мэдээндээ уг яриаг Украины ерөнхийлөгчийн хүсэлтийн дагуу хийснийг тэмдэглээд “Ерөнхийлөгч В.О.Зеленский Монголын ард түмэнд Цагаан сарын баярын мэндчилгээ дэвшүүлж, хүнд цаг үед Монгол улс Украин улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд талархал илэрхийлж, хоёр талын харилцаанд сэтгэл хангалуун байгаагаа онцлов. Тэрбээр Монгол оронд амьдарч байсан хүүхэд ахуй насаа дурсав” гэжээ. Мөн хоёр тал уламжлалт найрсаг харилцаагаа өндрөөр үнэлж, хамтын ажиллагааны зарим асуудлаар санал солилцон, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийг эрмэлзэж буйгаа нотолсныг тэмдэглэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.