Монгол, Энэтхэгийн цэргийн сургуулилт долдугаар сард Монголд болно
Чихэнд чимэгтэй
2023-02-15
Монгол, Энэтхэгийн Батлан хамгаалах яамд хоорондын 11 дэх зөвлөлдөх уулзалт Шинэ Дели хотноо хоёрдугаар сарын 10-нд болжээ. Уулзалтыг Монголын талаас Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Д.Ганхуяг, Энэтхэгийн талаас Батлан хамгаалах яамны Туслах төрийн нарийн бичгийн дарга, доктор Ажай Кумар нар тэргүүлж, батлан хамгаалахын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар зөвлөлдсөн байна. Тухайлбал, хоёр орны тусгай хүчний хамтарсан “Нүүдэлчин заан” дадлага сургуулилтыг энэ оны долоодугаар сард Монголд зохион байгуулахаар тохиров. Цэргийн сургуулилтын үеэр Батлан хамгаалах яам Энэтхэгийн талаас эмнэлгийн тусгай тоноглол бүхий автомашин, хүйтний улирлын хувцас зэргийг хүлээн авах ажээ. Мөн батлан хамгаалахын аж үйлдвэрлэлийн чиглэлээр туршлага судлах төлөөлөгчдийг Энэтхэгт ажиллуулах, тус улсын цэргийн сургуульд сургах алба хаагчдын тоог харилцан тохиролцсон байна. Анхны "Нүүдэлчин заан" сургалт 2004 онд Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болж байсан юм. Энэ сургуулилтыг жил бүр хоёр оронд ээлжлэн зохион байгуулдаг билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.