Солонгос лам нар Энэтхэгийн нутгаар мөргөл хийнэ
Солонгос лам нар сүсэгтнүүдийн хамт Энэтхэг, Балбын нутгаар явганаар 40 хоног аялж 1167 километр замыг туулан Буддын шашны гол ариун газруудад мөргөл үйлдэхээр болжээ. Энэтхэгт суугаа Солонгосын элчин сайд Жан Жэ Бок Шинэ Дели хотноо тус улсын Олон нийтийн мэдээлэл, өргөн нэвтрүүлгийн дэд сайд Апурва Чандратай хамтарсан хэвлэлийн бага хурал хийж дээрх үйл явдлын талаар мэдээлэл хийв. Элчин сайд Жан хэлэхдээ “Буддын шашин Солонгост IV зуунд нэвтэрч, Солонгос, Энэтхэгийн харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн” гээд уг арга хэмжээний тухай дэлгэрэнгүй тайлбарласныг үзвэл албан ёсны мөргөлчин 108 санваартан, сайн дурын 200 сүсэгтний хамт 38 хоногт 1167 километр замыг туулах ажээ. Мөргөлчид Шагжамүни бурхны анхны сургаалиа айлдсан Сарнат хотоос аялалаа эхэлж, түүний гэгээрэлд хүрсэн Бодгаяа, түүний төрсөн нутаг Балба, нирваан болсон Кушинагар хотуудаар аялах ажээ. Дэд сайд Чандра “Энэ бол Буддын шашны ариун дагшин газруудад мөргөл үйлдэх гадаадын хүмүүс оролцсон хамгийн том ёслол” гээд “Орон нутгийн засаг захиргаатай хамтран мөргөлчдийн аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлнэ” гэлээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







