images

10 баримт: Японы бас нэг сүпер

Б.Бат-Амгалан

10 баримт

2023-01-27


 Монголд ирээд буй Японы уран гулгагчдын тоглолт “Steppe Arena” мөсөн өргөөнд өнөөдөр эхэлж байна. Япончууд энэ төрөлдөө хэн болох, тэд энэ спортыг хэрхэн сонирхдог талаарх зарим баримтыг уншигчдадаа толилуулья.  

1. Япон улсын аварга шалгаруулах уран гулгалтын тэмцээн 1929 онд анх болж, үүнээс хойш тасралтгүй (Дэлхийн II дайны жилүүдийг эс тооцвол) зохиогдож иржээ. Тус улс 1932 оноос эхлэн Олимп, ДАШТ-д тамирчдаа оролцуулж эхэлсэн бөгөөд дэлхийн аваргын анхны медалийг Сано Минорү 1977 онд авсан байна.

2. Ито Мидори 1989 онд дэлхийн аварга, 1992 онд Японы анхны Олимпын аварга болсноор Японд уран гулгалтын спортыг асар ихээр сонирхох болжээ. Ито бол гурав хагас эргэлтийг түүхэнд анх удаа, мөн гурав эргэлтийг (triple Axel) дараалан хоёр удаа гүйцэтгэсэн анхны тамирчин төдийгүй Азиас дэлхийн аварга болсон анхны хүн мөн.

3. 2006 оны Турины Өвлийн Олимпоос Япон улс ганцхан медаль авсан нь дэлхийн аварга уран гулгагч Аракава Шизүкагийн алтан медаль байв. Энэ нь мөн Азиас энэ төрлөөр Олимпын алтан медаль анх удаа хүртсэн хэрэг болов. 

4. Уран гулгалтын аливаа тэмцээний тасалбар Японд борлогдох нь маш түргэн бөгөөд япончууд гадаадад явж тэмцээн үзэх нь түгээмэл. Дэлхийн аль ч улсад болж буй ДАШТ зэрэг томоохон тэмцээнүүдийн үзэгчдийн суудалд япончууд олноороо байж байдаг. Дэлхийн одууд япончуудыг хамгийн үнэнч, өгөөмөр хөгжөөн дэмжигчид гэж дуу нэгтэй хэлдэг.

5. Орчин цагийн уран гулгалтын сүпер од Ханюү Юзүрү Сочигийн Олимпоос алтан медаль аваад төрөлх Сендай хотдоо очиход 100 мянга гаруй хүн угтаж байв.

6. Ханюү Юзүрү нь Олимпын хоёр, дэлхийн мөн хоёр удаагийн, “Grand Prix” тэмцээний дөрвөн удаагийн, Япон улсын зургаан удаагийн аварга бөгөөд уран гулгалтын түүхэнд хамгийн олон буюу 19 дээд амжилтын эзэн юм. Тэрбээр 1998 онд буюу дөрвөн настайдаа гулгаж эхлээд 2022 онд зодог тайлжээ.

7. Гадаадын алдартай уран гулгагчдыг Японд маш ихээр шүтдэг. Тэднийг Японы бүх төрлийн реклам, телевизийн нэвтрүүлэг, олон ангит кинонд урьж оролцуулах нь ердийн үзэгдэл. Тухайлбал, Оросын Евгений Плющенко тэргүүтэй олон тамирчныг гол дүр болгосон манга бий.

8. Манайд ирээд буй Хонго Рико 2014 оны Японы аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байжээ.

9. ДАШТ-ээс япончууд одоогоор 17 алт, нийт 43 медаль аваад байна. Тэгвэл Олимпоос гурван алт, нийт 11 медаль аваад буй.

10. Уран гулгалт Японд ихээхэн нэр хүндтэй байдгийн учир нь тэд гоо сайхан, түүний төгс зохицлыг таньдаг, үнэлдэг, биширдэгтэй холбоотой гэж үзэх нь бий.

12 настай япон тамирчин Инада Эцүко 1936 онд Германы Гармиш-Партенкирхенд болсон Өвлийн IY Олимпын мөсөн талбайд.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.