images

“Монгол ванн” компанийн захирал Ж.Мөнхцэцэг: Гэр бүлээрээ, эх орондоо, чаддаг зүйлээ хийхийг хүссэн

Н.Ариунсайхан

Бид ингэж эхэлсэн

2023-01-27


“Монгол ванн” компанийн захирал Ж.Мөнхцэцэг “Бид ингэж эхэлсэн” булангийн зочноор уригдаж ийн ярилаа. Тэрбээр нөхөр Л.Алтангэрэлийн хамт Монголд анх удаа ванн үйлдвэрлэж өдгөө 10 дахь жилдээ амжилттай ажиллаж байна.

     Миний үндсэн мэргэжил уул нь сэтгүүлч юм. Нөхөр маань хувиараа жижиг бизнес эрхэлдэг байсан. Бид хоёр 2000 онд хуримаа хийсэн улс. Хуримаа хийгээд дөрвөн жил болсны дараа хоёул Солонгос улс руу явахаар шийдлээ. Тэр үеийн залуучууд амьдрал ахуйдаа нэмэр болохоор гадагшаа зорих нь их байсан. Одоо ч хэвээрээ байх шиг байна. Нөхөр маань гэрээт ажилтнаар, би магистрт суралцахаар бүртгүүлэв. Бүртгүүлсэн зоргоор бүтэхгүй, тэнцэхгүй удааширч байсан ч нэгэнт явахаар шийдсэн болохоор шантрахгүй хүсэлтээ өгөөд л байлаа. Тэгж тэгж анх хүсэлтээ өгснөөс хойш нэг жилийн дараа миний явах эрх нээгдэв. Хоёр жилийн хугацаатай магистрын хөтөлбөрт суралцах эрх юм. Дараа жил нь манай нөхрийн виз гарав. Ингээд Солонгос улсын Намъянжү хотын ванны үйлдвэрт манай хүн хуваарилагдаж очсон юм.

     Анхны гэрээ нь гурван жилийн хугацаатай. Хугацаа дуусмагц дахин нэг жилээр сунгуулж ажилласан. Аав дээр маань үлдсэн том охин маань тэр үед зургаан нас хүрч сургуульд орох дөхсөн учир би нөхрөөсөө түрүүлж Монголдоо ирлээ. Намайг ирэх үед Монголд сарын дундаж цалин 500-600 мянга байжээ. Харин манай хүн ванны үйлдвэрт нэг сая 300 мянган төгрөгтэй тэнцэх цалинтай ажилладаг байв. Тэрнээсээ сар болгон байрны зээлдээ 700 мянган төгрөг шилжүүлнэ. Үлдсэн жаахнаар нь тэндээ амьдрах байр, хоол, багаахан хуримтлал гэсээр таардаг. Нөхөр маань ажилдаа тууштай, их шаргуу зүтгэдэг, хөдөлмөрч хүн л дээ. Солонгосчууд үе үе “Гэрээгээ сунгах уу?” гэж асуудаг байсан гэдэг. Ингээд дөрвөн жил гаруйн хугацаанд гэр бүл энд тэнд, тусдаа амьдраад ирэхээр хүн чинь юу билээ гэж эргэцүүлж боддог юм билээ, ажил мөнгө гэж улайрсаар байгаад үр хүүхдээ хайхрахгүй үлдээх нь зөв үү гэж. Үр хүүхдээ бүтэн хайраар өсгөхийн тулд гэр бүл нэг дор л байх ёстой юм байна гэдгийг ухаарч, нөхрөө “Монголдоо ирж ажилла” гэдэг боллоо. Тэгж байтал гэрээ нь ч дуусч эх орондоо, гэр бүлдээ ирлээ.

Эврика!

     Нөхрийнхөө ирсэн эхний хагас жил юу хийх, цаашдаа яаж амьдрах талаар хоёул олон удаа ярилцсан. Би болохоор тухайн үед “Uptown” гэдэг сэтгүүлд редактороор ажилладаг боловч ганц миний цалингаар амьдрах аргагүй байлаа. Зарим үед нөхөр маань “Солонгос руу буцаж очоод нөгөө ажилдаа орчих уу. Тэр нь дээр юм биш үү?” гэж хэлдэг болов. Тэр тоолонд нь би хатуу эсэргүүцэж “Нэгэнт эх орондоо ирчихсэн, гэр бүлээрээ хамтдаа амьдарч байна. Насаараа хүний газар ажиллах биш. Сурч мэдсэн юмаа эндээ л ажил болгож хэрэгжүүлээд явах хэрэгтэй” гэж зөрнө. Заримдаа маргана. Бид хоёрын амьдралд гарч байсан хамгийн том зөрчил, үл ойлголцол энэ үед л гарч байж. Ингэж явсаар хоёулаа нэг өдөр сууж байгаад өөрсдөдөө байгаа нөөц бололцоогоо жагсааж бичлээ. Авах ганц юм маань юу вэ гэвэл Солонгост ванны үйлдвэрт ажилласан нөхрийн маань туршлага байв. Бодоод байхнээ тухайн үед орон сууцны барилга, хороолол олноороо баригдаад эхэлчихсэн, барилгажилт ид өрнөж буй үе ажээ. Ерөөсөө л энэ рүү зүтгэе, зүтгэх зүтгэхдээ чаддаг юмаараа зүтгэе гэж ярилаа. Ярихаар барахгүй бүр бат нот тогтов. Ингээд ванны үйлдвэр, барилгын дагалдах материалын зах зээлийг судалж эхэлсэн юм. Хүн санаагаа олчихоор ажлынхаа талыг нугалчихсан аятай баярладаг юм билээ. Гэвч энэ маань бодож байсан шиг тийм амар зүйл биш байв.

Анд нөхрийн тус

     Юуны түрүүнд бидэнд эхлэлийн хөрөнгө гэж бараг байсангүй. Гэрээгээр ажиллаж байгаад ирсэн залуучууд сайндаа л байрны зээлээ дараад ирдэг. Тийм л жишгээр манайх гэдэг айл нөхрийнхөө Солонгост ажилласны өгөөжөөр 10 дугаар хороололд гал тогоо нь тусдаа ганц өрөө байртай болсон байв. Өөр илүү дутуу хурааж хумисан юм байхгүй. Тэгтэл манай нөхрийн найз бидний санааг дуулаад “Та хоёр үнэхээр хийж чадна гэвэл би санхүүжилтийг нь гаргая. Харин үйлдвэрлэлээ өөрсдөө хариуцаад яваарай” гэдэг юм байна. Эхлүүлэх гэж зовоод байсан ажлын маань нэг хаалга нээгдэх нь тэр. Ингээд найз маань анхны санхүүжилтийг гаргаж 2011 оны наймдугаар сард үйлдвэрийн эхний ээлжийн техник хэрэгслээ Солонгосоос татаж авчирлаа. Тэр үед барилгын компаниуд ихэвчлэн Хятадаас бөөний үнээр хямд ванн авдаг байсан юм билээ. Хятад ванны материал хуванцар, төмөр гээд янз бүр, эдэлгээ даах нь муу. Харин бидний үйлдвэрлэх гээд байгаа нь байгалийн чулуугаар үйлдвэрлэдэг шахмал чулуун ванн учраас давуу тал болж байв. Байгалийн чулуун ванн бусад ванныг бодвол усны дулааныг удаан хадгалдаг. 1-2 сантиметрийн зузаантай цутгадаг болохоор бусдаасаа энэ тал дээр хавьгүй илүү. Хуванцар, төмөр ванны зузаан бол 0.5-3 мм л байдаг юм.

Ахан дүүсийн тус

     Ингээд ямар ч байсан ваннаа хийж эхэллээ. Зургаан сар боллоо, олигтой борлогддоггүй ээ. Түүхий эдээ Солонгосоос авчирч хийдэг болохоор  өртөг өндөр гараад, бөөний зах зээлд нэвтэрч чадахгүй, импортын олон компаниуд дотроос бүтээгдэхүүн минь ерөөсөө гарч ирж, захиалга авч чадахгүй байв. Тэгтэл ирэх хавар нь нөгөө найз маань “Ер нь больё доо. Миний үндсэн ажил ийм удаашралтай бизнес харахад тохиромжгүй болчихлоо. Би өөрийнхөө ажил төрлийг хөөцөлдлөө. Та хоёр зогсоох уу, авч үлдэх үү гэдгээ өөрсдөө шийдээрэй” гэдэг юм байна. Гэнэтийн энэ шийдвэрийг сонсоод эхэндээ сандарсан ч нэгэнт л эхлүүлээд явж байгаа учраас хайран санагдаад, авч үлдмээр болоод болдоггүй. Зах зээл нь нэгэнт байгаа учраас яадаг ч байсан үргэлжлүүлье гэж хоёул санал нэгдэж зориг гаргав. Нөгөө найзынхаа оруулсан мөнгийг өгөхийн тулд дараа сард нь буюу 5 дугаар сард шууд байраа зарчихсан. Тэгээд тоног төхөөрөмжөө ч 100 хувь өөрсдийн болгож авлаа. 2012 оны зургадугаар сард компаниа шинээр “Гантиг ванн констракшн” гэж нэрлэн улсын бүртгэлд бүртгүүллээ. Аль аль нь 30 нас гарсан хойноо хүний газар ажиллан байж авсан орон гэрээ үрэн үрэн ажлаа үргэлжүүлэх гэж байгаа болохоор үнэхээр алдах эрхгүй санагдаж байв. Цогц үйлдвэрлэл явуулж, дорвитой хөдлөхийн тулд би өөрөө дунд охиноо төрүүлээд удаагүй байсан ч ажилдаа тууштай оролцох шаардлагатай болсон. Тэр үед миний төрсөн дүү нэг банк бус санхүүгийн байгууллагад ажилладаг байлаа. Тэднийхээс итгэлцлийн үндсэн дээр 150 сая төгрөг зээлээд  үйлдвэрийн байраа барихаар боллоо. Үйлдвэрийн байраа уг нь эхнээсээ үйлдвэрлэлийн бүсэд барихыг хүсч байсан ч, ингэнэ гэвэл нэмээд дор хаяж хэдэн зуун сая төгрөг шаардлагатай байсан. Тиймээс хотын захын гэр хороолол руу ганц айлын газар аваад жижиг боловч өөрийн гэсэн үйлдвэрийн байраа тэр жилдээ барьж дуусгаад тоног төхөөрөмжөө оруулж, үлдсэн мөнгөөрөө эхний 200 ванны түүхий эдээ татсан даа. Тэр жил оюутан болж манайд суухаар ирсэн нөхрийн маань үеэл дүү л бидний анхны ажилтан болж байлаа. Ингээд өөрийн гэсэн үйлдвэрлэлээ эхлүүлэхэд хэр боломжоороо бэлдсэний эцэст нөхөр маань оюутан дүүгээ дагуулаад ажилдаа ханцуй шамлан орж явчихсан даа.

Анхны захиалга

     Тэр оныхоо наймдугаар сард Зуун айлын барилгын материалын дэлгүүрүүд дунд подвалд байрлах 32 м/кв павильон түрээсэлж зургаа долоон ванн тавиад сууж эхлэв. Ажил одоо л нэг жигдрэх нь гэж бодсон боловч тэр жилдээ бөөний захиалга олж чадсангүй. Заримдаа мөнгөгүйдвэл ээмэг, бөгжөө хүртэл ломбарданд тавьж дэлгүүрийн түрээс, хоёр гурван ажилчныхаа цалин, урсгал зардлаа төлөөд явах үе олон гарч байлаа. Манайх гэдэг айл үйлдвэрээ хөл дээр нь босгохын тулд амьжиргааны зардлаа аль байдгаараа хэмнэж, аль хямд гэсэн түрээсийн байраар хэдэн жил амьдарсан даа. Гэхдээ том охиныхоо сурах нөхцлийг алдагдуулахгүйн тулд “Мон Турк” гэж дотуур байртай хувийн сургуульд сургаж байлаа. Ингэж явсаар 2013 оны эхээр анхны захиалагчаа оллоо. Зуун айлын барилгын материалын дэлгүүрүүдээр явж байсан Дарханбаатар гэж залуу захиалга өгсөн юм. Тэр залуу “Танайх яг Монголд үйлдвэрлэдэг үү? Би орон сууцны хороолол барьж эхэлж байгаа. Импортын ваннаас хэчнээн үнийн зөрүүтэй байсан ч танай бүтээгдэхүүнийг авна аа. Эх орондоо нэг нь ч гэсэн үйлдвэрлэл эхлүүлээд явж байгааг харахад сайхан байна” гэж хэлээд 103 ванны захиалга өгсөн юм. Тэр захиалга бол ёстой л итгэлийн оч болсон доо. "Баянмонгол" хорооллын дэргэдэх “Сүмбэр орд” хотхоныг барьж байсан тэр эх оронч, элгэмсүү сэтгэлт залуу ингэж биднийг урагш тэмүүлж, үргэлжлүүлж тууштай ажиллах эхлэлийг тавьж өгсөн юм. Түүнээс биш өмнө нь манайх долоо хоногт ганц хоёрхон ванн зарахаас хэтэрдэггүй байлаа.

Бизнес урагштай

     Захиалгаа аваад урам орсон хүмүүс чинь ажлаа гялалзуулаад л, хавар нь гуравдугаар сараас тэднийд нийлүүлээд эхэлсэн. Тэгээд урам орсон хүмүүс “Монгол ванн” гэсэн пэйж хуудсаа нээлээ. Ойрын хугацаанд ашиглалтад орох шинэ барилгуудын мэдээллийг цахим сайтууд руу орж цуглуулж эхэлсэн. Тэгээд нэгээс хоёр улирлын дараа ашиглалтад орох орон сууц, барилгын компаниудын утас, мэйл хаягийг нь олж үнийн санал, бүтээгдэхүүнийхээ зургийг явуулдаг болов. Үр дүн нь ч гарч, дараа дараагийн харилцагчид орж ирж эхэлсэн дээ. Үндсэндээ нэг хэрэглэгчийн үг нөгөө хэрэглэгчид дамжиж биднийг таниулахад их нэмэр болж байсан. Бөөний захиалгаас гадна дэлгүүрээрээ сард хэдэн ширхэг ванн борлуулаад байдаг болов. Тогтмол харилцагчтай болоод ирэхээр эрсдэл багасах нь зүй. Тухайн үед нөхөр маань дүүтэйгээ хоёулаа үйлдвэр дээрээ ажилладаг. Аав маань өглөө эрт манайд ирж ой гарантай дунд охиныг маань цэцэрлэгт нь зөөж, бага охиноо гэдсэндээ тээж байсан би дэлгүүр дээрээ өөрөө зогсдог байлаа. Ер нь цөөхүүлээ. Ингэж л тал талаас эрвийх дэрвийхээрээ зүтгэсээр эхний хоёр гурван жилийг үдсэн дээ. Одоо бол хорь гаруй ажилтантай. Зуун айлын “Амо” төв болон “Мишээл” барилгын дэлгүүр дээр тус бүр салбар дэлгүүртэй болсон байна. Одоо жилдээ ойролцоогоор 7000 ванн үйлдвэрлэж борлуулдаг. Монголд ганцхан манай компани ванн үйлдвэрлэдэг юм. Үйлдвэрийн шат дамжлага маань гар ажиллагаатай учраас өндөр мэдлэг боловсрол хүнээс шаарддаггүй, хувь хүнийхээ хандлагыг харж байгаад сургаад авахыг боддог.

Бусдын хүслийг биелүүлэх эрхэм

     Манай компанийн хувьд өнөөдрийг хүртэл зээлтэй, импортоор ванн оруулж ирдэг өрсөлдөгч ихтэй зах зээлд өөрийн чадлаар, үндэсний үйлдвэрлэлээ дэмжигч компаниудынхаа дэмжлэгээр ажиллаж явна. Гэсэн ч 2022 оны төлөвлөгөөндөө бид залуу насны сэтгэл зүрх, цаг нараа хоёргүй сэтгэлээр байгууллагадаа зориулж яваа залуу ажилчдаа дэмжих зорилгоор харилцагч компаниудаасаа бартерын байр авч зах зээлийн үнээс хямд, банкны хүүгүй, урьдчилгаа төлбөргүй, цалингаасаа сар бүр тогтмол цувуулж төлөх нөхцөлтэйгөөр олгосон. Сүүлийн хоёр жил үүнд түлхүү анхаарал хандуулсан гэхэд болно. Хүмүүсээ эхнээс нь байртай болгоё гэж шийдээд дөрөв, таван хүнээ байранд орох эрхээр шагнасан юм. Юуны түрүүнд 10 жил тасралтгүй ажилласан ганц хүндээ гурван өрөө байр үнэгүй өгсөн. Дараагийн ээлжинд гэр бүлээрээ гурваас дээш жил ажилласан хүмүүст нэгээс хоёр өрөө байр гэхчлэн явсан байна. Шагнуулсан залуучуудын маань байр ирэх долоон сард ашиглалтад орно. Үндсэндээ тэд минь Монголдоо үр хүүхэдтэйгээ элэг бүтэн амьдрах хүсэлтэй улс, тэр хүслийг нь л биелүүлэхийг хүссэн. Залуу гэр бүлүүдэд ээлтэй байх нь ямар ч бизнест чухал санагддаг даа.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.