images

10 баримт: “Leopard 2”

Б.Бат-Амгалан

10 баримт

2023-01-25


  Герман улс Украинд “Leopard 2” танк нийлүүлэхээ мэдэгдсэн нь өнөөдрийн дэлхийн хэвлэл мэдээллийн гол сэдэв байв. Иймд уг танкны талаарх зарим мэдээллийг “10 баримт” булангаараа хүргэж байна. 

1. Зэвсэглэлд өмнө нь байсан “Leopard” танкны дараагийн үеийг бүтээх ажил 1970 онд эхэлж, эхний загварыг 1972 онд хийж, 1976 онд АНУ-д туршилтад оруулаад анхны танкийг 1979 оны 10 дугаар сарын 25-нд Германы армид нийлүүлжээ.  

2. Танкны корпусын урт нь 7.7 м, буутайгаа 9.6, өргөн нь 3.7 м, өндөр нь 2.7 м.

3. 120 мм-ийн их буу нь 42 сумтай, мөн 7,62 мм-ийн хоёр пулемёттой. Гал удирдах автомат системтэй бөгөөд буудагч нь дэлгэцэн дээр байгаа тогтоогоод тэмдэг тавихад л хангалттай. Тэгш гадаргуу дээр явж байгаа нөхцөлд хөдөлгөөнт бай устгах бололцоотой.

4. Лазерийн болон стереоскопийн хоёр ч зай хэмжигчтэй үндсэн дуранг нь оптикийн бүтээгдэхүүнээр дэлхийд тэргүүлдэг Германы алдарт “Carl Zeiss” компанид бүтээжээ. Буудагч болон танкны даргад зориулсан дахин хоёр дуран суурилуулсан, мөн шөнийн дуран бий.

5. 12 цилиндрийн, 1500 морины хүчтэй дизель хөдөлгүүртэй. Замаасаа хамаараад цагт 68-72 км хурдална. Ухрах дээд хурд нь 31 км/цаг.

6. Мөн замаасаа шалтгаалан 100 километрт 300-500 л түлш зарцуулна. 1.2 тонн түлш ордог савтай. Дунджаар 280 км зогсолтгүй явна. 10 мянган км гүйгээд их засварт орно.

7. Шинэ “Leopard 2” танк өнөөдөр ойролцоогоор 16 сая долларын үнэтэй байна.  

8. Үндсэн үйлдвэрлэгч нь “Krauss-Maffei” компани бөгөөд Германаас гадна Нидерланд, Грек, Швейцар, Швед, Испанид үйлдвэрлэдэг. 1979 оноос хойш 3600 ийм танк үйлдвэрлэсний 2125-ыг бусад улсад худалджээ. Европын 13 улсаас гадна Канад, Чили, Индонез, Сингапур зэрэг нийт 19 орны армийн зэвсэглэлд байна.

9. Афганистанд Олон улсын цэргийн ажиллагаанд оролцсон Нидерланд, Дани, Канад улсууд энэ танкийг ашигласан бөгөөд Турк улс 2016, 2018 онд Сирид довтлохдоо мөн ашиглажээ.   

10. Цэрэг армийн сэдвээр төрөлжсөн “Military Ordnance” сэтгүүлийн рэйтингээр энэ танк найдвартай байдал, эдэлгээ, галын хүч, хамгаалалт, маневр хийх чадвар гэх зэрэг олон үзүүлэлтээр тогтмол нэгдүгээр байрт явдаг. Удаад нь Америкийн “M1 Abrams”, Их Британийн ”Challenger 2” орно.

Зэвсэглэлд нь “Leopard 2” танк буй орнуудыг газрын зураг дээр үзүүлсэн нь

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.