images

Д.Таванжин: Арваннэгдүгээр сарын дунд гэхэд цас орж хүйтэрсэн байх төлөвтэй

Б.Бадамзул

Хөдөөгийн баясгалан

2022-10-09


     Дундговь аймгийн Говь-Угтаал сумын малчин Даваадоржийн Таванжин ууланд гарч цагийн байдлыг шинждэг эцэг өвгөдийн уламжлалыг өвлөн тээгч юм. Ууланд гарах ёс, энэ ёсыг хэрхэн өвлөсөн талаараа тэрбээр манай сурвалжлагчид ийн ярилаа. 

     Малчид бид хаврын эхэн, намрын дунд сарын 15-нд аймгийнхаа Угтаал тахилгатай ууланд гарч өвөл хавраа шинжин  дурандаж хонодог. Ийн шинжсэнийгээ малчин түмэндээ тараахыг ууланд гарах ёс гэнэ. Манайх олон үеэрээ ууланд гарч байсан юм билээ. Хамгийн сүүлд гэхэд, манай авга талын өвөө Сайнбаяр 1920-иод оноос ууланд гарчээ.  Нэг удаа  өвөөг уулнаас бууж явахад манай нутгийн Тавхай гуай тосож очоод “Цаг ямар байх нь вэ,” гэж асуухад, эхлээд “Сайхан” гэсэн байна. Амны бэлгээрээ эхэлж тийн хэлдэг юм. Тэгээд “Хоолоо их эрт хийгээрэй” гэсэн байдаг. Тэр жил нь 1944 оны мичин жил байжээ. Зуд болж олон айл унаганыхаа ногтыг авч чадахгүй алдаж, идэш хоолгүйн эрхэнд зовлого хүүлэхдээ тулж байсан гэнэ лээ.

     Мөн миний багш, олон жил ууланд гарсан Тарамын Бор гэж хүн байв. Багш 1993 онд “Оготнын тоос ихтэй юм байна. Мал ойрхон хорогдох нь” гэж байлаа. Тэр жилийн хавар их шороо тавьж, мал олноор хорогдсон доо. Би 1993 оноос хойш одоог хүртэл тасралтгүй ууланд гарч байна. Бидний үзсэн харсныг сэтгүүлч Дамбын Шагдарсүрэн жил бүр нэвтрүүлэг хийж малчин түмэндээ түгээдэг. Манай говьд өндөр дээрээс тал газраа харна. Ерөнхийдөө нүдний баримжаа юм. Сайн дурандсанаар, харснаа л хэлнэ шүү дээ. Бид хаврын эхэн сарын шинийн нэгнээс байгаль орчин, од гараг, ан амьтан, араатан шувуу, мал бүгдийг ажиглаж байгаад намрын дунд сарын 15-нд дүнгээ гаргаж хэлдэг юм. Ажиглаж болох бүгдийг харна. Харсан бүгдээсээ л мэдээлэл авч дүгнэлт, таамаг гаргана гэсэн үг. Бүх юманд барагцаа бий. Жишээлбэл, хуучин тооллоор сар бүрийн 27-нд цас, бороо орсон эсэхээр ирэх сараа шинждэг. Мөн хэдний ямар өдөр хур орсноор барагцаална. Зундаа цагаан морь, цагаагчин хонь өдөр бороо орвол ирэх 60 хоногтоо хургүй гэж үзнэ. Харин өвөл бол ирэх 60 хоногт цас ихтэй байх нь гэдэг. Гэхдээ ганцхан үүгээр бат нот шинжихгүй. Барагцаа л юм. Бусад юмсаа ч шинжээд, тайлал нь давхцвал эцсийн дүн гарна.

     Энэ жилийн өнгийг хэлэх арай болоогүй байна. Миний багцаагаар бол цас эрт унаж хүйтрээд, үе үе салхилна. Арваннэгдүгээр сарын дунд гэхэд цас орчихсон, хүйтэн талдаа байна байх. Намрын дунд сар болоогүй ч, одоогоор ерөнхийдөө иймэрхүү  л барагцаанд байна гэж бодож байна даа.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.