images

Г.Батболд: Археологич хүн энэ зууны нэг өглөө босож гэрээсээ гараад ажил дээрээ очмогцоо шууд өнгөрсөн зуунд очдог

Д.Бизьяа

Мэргэжил бүхэн сонин

2023-01-17


   “Мэргэжил бүхэн сонин” булангийн энэ удаагийн зочноор ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Дундад зууны судалгааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан, археологич Г.Батболд оролцож эзэмшсэн мэргэжлийнхээ сонин сайхныг хуваалцлаа. 

- Археологич мэргэжлийг сонгох нь нийтлэг, түгээмэл сонголттой төдийлөн адилгүй юм. Таны хувьд яагаад энэ мэргэжлийг сонгох болсон бэ?

- Анх “Улаанбаатар” их сургуульд хятад хэлний орчуулагчийн ангид орох зорилготой элсэлтийн шалгалт өглөө. Ер нь Дорно дахин судлалыг их сонирхож байсан юм. Элсэлтийн шалгалтаа өгсний дараа, дүн сонсох хүртэл гадагш гарч болохгүй гэсэн тул сургууль дотроо байж байв. Тэгээд хийх юмгүй, хонгилоор  сэлгүүцэж явтал сургуулийн ханын самбар дээр “Археологийнхон хээрийн дадлагад” гэсэн тайлбартай, сайхан эрчүүд гал тойроод суучихсан зураг нүдэнд туслаа. Тэр зураг нэг л сэтгэл татаад явчихав. Яагаад ч юм нэг их гоё л санагдсан юм. Тэгэнгүүт дор нь шийд гаргаад багш нар дээр очоод учраа хэллээ. Миний тайлбар бол “Би буруу ангид шалгалт өгчихжээ. Би археологийн ангид орох байсан юм” гэлээ. Тэгтэл багш нар “Археологийн анги ч гэсэн хятад хэлтэй. Орж болно. Өргөдөл бичээд ир” гэв шүү. Ингээд “Улаанбаатар” их сургуулийн археологи, хятад хэлний орчуулагчийн ангид 50 гаруй эрчүүдтэй мөр зэрэгцэн суралцаж эхэлсэн. Харин төгсөхдөө 20 гаруй хүн төгсөж байлаа. Ингэж л археологич болсон доо.

- Археологич мэргэжлийн учир начрыг тэр бүр мэдэхгүй хүмүүс бий. Яг юу хийдэг мэргэжил болохыг нь маш товчхон тодорхойлбол?

- Манай мэргэжлийг энгийн хүмүүс тэр бүр мэддэггүй нь үнэн. Хөдөө хээрээр явж байхад хүмүүс асуугаад “Археологич” гэхээр “Аан, геологич юм байна” гэх юм уу эсвэл “Та нар динозавр судалдаг хүмүүс үү” гэх мэтээр асуудаг. Товчхон хэлэхэд археологи бол хүний түүх судалдаг, харин палентологи нь байгалийн түүх судалдаг ухаан юм.

- Анхны хээрийн судалгаандаа хэзээ, хэрхэн гарав?

- Анх нэгдүгээр курсээ төгссөн зун, 8 дугаар сарын дундуур байх. Манай ээжийн ажлын утсаар манай багш ярьсан байдаг юм. Тэр жил Бээжингийн Ардын их сургуулийн профессор Вэй Жян гэдэг эрдэмтэн Аваргын балгасын малтлагад оролцоод, тэр багшийн орчуулагчаар манай хятад хэлний Б.Энхчимэг багш явж байсан юм билээ. Тэгээд гайгүй хятад хэлний сонирхолтой, оролдлоготой оюутан сураглахад нь намайг зааж өгсөн юм байж. Тэгээд сургууль дээрээс миний анкетыг олоод, тэндээс ээжийн ажлын утас олоод ярьсан нь тэр байжээ. Ээж минь тэр үед “Улаанбаатар” зочид буудалд тогоочоор ажиллаж байсан юм. Ажлын утас гээд байгаа нь жижүүрийн утас л даа. Аз болоход жижүүр ээжийг дуудаад яриулсан байгаа юм. Тэгээд хүрээлэн дээр очоод Б.Цогтбаатар багштай уулзсанаар оюутны анхны хээрийн ажилдаа гарч, малтлагын туслах ажилчнаар Хэнтийн Хөдөө аралд байдаг Аваргын балгас явсан юм. Гэрээ шүүрдэж үзээгүй шахуу хүн чинь очоод, малтлага хийсэн талбайг өдрийн арваад удаа шүүрддэг юм байна. Шинээр зураг авах болгондоо шүүрдэнэ. Жижиг гар шүүрээр шороо шүүрдэж байгаа юм. Сул шороогүй болтол шүүрдэнэ. Анх тэгж талбайн шороо шүүрдэж байхдаа “Харьсан хойноо гэрээ сайн шүүрдэх юм шүү” гэж бодож байж билээ. Археологийн малтлага гэдэг нарийн л даа. Энгийн хүмүүсийн ойлгодог шиг хүрздээд шидээд байдаг юм биш. Томхон хоолны халбага шиг зүйлээр бага багаар, маш болгоомжтой малтана. Эхний байгалийн өвсөн бүрхэвчийг аваад түүнээс доош бол хоолны халбаганаас арай том, барилгын нийвийнээс арай жижиг багажаар ухна. Маш их цаг орно. Жишээ нь, Аваргын балгасын малтлага одоо хүртэл үргэлжилж л байна. Гэхдээ хот суурингийн малтлага, булш бунхны малтлага арай өөр байдаг. Бороо шороотой үед малтлага хийж болдоггүй, талбай заавал хуурай байх ёстой. Хот суурингийн малтлага хийхэд маш их хугацаа орно.

- Сургуулиа төгсөөд шууд мэргэжлээрээ ажиллав уу?

- Үгүй. Сургуулиа төгсөнгүүт хятад хэлээ сайжруулах зорилгоор Хөх хот руу хэлний сургуульд явсан. Очоод удалгүй, хятад хэлээр гарсан Киданы тухай ном авах санаатай номын дэлгүүр орж худалдагчтай нь ярьж үзтэл миний хятад хэлийг сайн ойлгохгүй байгаа бололтой. Тэгэхээр нь цаасан дээр бичээд үзүүлтэл гайхаад “Ярьж чадахгүй мөртлөө бичээд байна” гэж хоорондоо шивнэлдээд байна. Тэгээд намайг дагуулж очоод Киданы түүх, дурсгалтай холбоотой өчнөөн олон ном гаргаж өгсөн.

   Оюутан байхдаа энд тэнд болдог эрдэм шинжилгээний хуралд ганц нэг илтгэл тавьж, энэ талын дөр суусан байсан болохоор Хөх хотод сурч байхдаа мэргэжлийнхээ чиглэлээр ганц нэг судалгааны өгүүлэл бичиж эхэлж байгаа юм. Хөх хотоос эргэж ирээд Үндэсний түүхийн музейд туслах ажилтнаар ажиллаж эхэлсэн. Тэр жил аз болж Хятадын Турфаны музей манай Үндэсний түүхийн музейтэй хамтарч ажиллах санамж бичиг байгуулаад, залуу судлаачдыг солилцон сургахаар тохирсон юм. Ингээд Шинжааны их сургуульд нэг жил сурч Турфаны музейд дадлага хийв. Энд суралцаж байхдаа Хятадад археологийн чиглэлээр хамгийн сайн сургууль хаана байдгийг судалж үзэхэд Манжуурын Жилиний их сургууль археологи, антропологийн чиглэлээр хамгийн шилдэг сургууль болохыг олж мэдсэн. Монголд эргэж ирсэн хойноо Хятадын Засгийн газрын тэтгэлэгт сургуульд хамрагдах санаатай өргөдөл гаргаад байж байтал Хятадын Элчин сайдын яамнаас дуудаж ярилцлага аваад, Хятадын их дээд сургуулиудын танилцуулга үзүүлэв. Тэндээс нөгөө Жилиний их сургуулиа олж сонгоод маргааш нь гэхэд бүх бичиг баримтаа бүрдүүлж өгөөд тус сургуульд мастерт сурсан. 2012 онд төгсөж ирээд одоо ажиллаж буй ШУА-ын Археологийн хүрээлэнд орсон доо.

- Хээрийн шинжилгээний ажилд олон хоногоор явдаг уу?

- Хэдэн сараар ч явж болно. Ихэнхдээ урин дулаан цагаар явна даа. Гэхдээ онцлогтой. Жишээ нь Завхан аймгийн нутагт байдаг нэг булшин дээр хээрийн шинжилгээний ажилд нэг сар хэртэй яваад ирэхэд хүмүүс юу гэж ойлгодог вэ гэхээр Завхан аймгийн нутгаар хөндлөн гулд яваад ирсэн юм байна гэж ойлгодог. Гэтэл бид чинь нэг уулын аман дээр очиж байршаад тэндээ л сар болоод ирнэ шүү дээ. Очиж үзээгүй аймаг байдаггүй хэрнээ энгийн хүмүүсийн аялал зугаалгаар очдог байгалийн үзэсгэлэнт гэсэн газраар биш булш бунхан, эртний дурсгалтай газраар л явна даа.

- Археологийн олдвор байгаа газрыг яаж тогтоодог юм бэ? Тэндээс ер нь юу гарч ирдэг юм?

- Гол нь судалгаа, бүртгэл мэдээлэл. Чулуун зэвсгийн үеэс эхлээд л судалгаан дээр суурилж, олдвор байж болох газраа тогтооно. Оны эхэнд төлөвлөгөө гаргаад тэр дагуугаа судалгаа шинжилгээ хийнэ. Булшны малтлага, хот суурингийн малтлага өөр. Булш харьцангуй хялбар. Харин хот суурингийн малтлага нэлээд их цаг хугацаа шаардана. Тэр хотынхоо гудамж, өргөн чөлөө, худалдааны хэсэг хаана байна вэ гэдгийг тогтоох ёстой. Жишээ нь Хархоринд Германы судалгааны баг ерээд оноос хойш судалгаа хийж байна. Эрдэнэзуу хийдийн хойно судалгаа хийж буй газрыг өмнөх судлаачид Өгөөдэй хааны ордон гэж таамагладаг байсан. Гэтэл Германы судлаачид малтлага хийгээд яг хааны ордон бол Эрдэнэзуу хийдийн доор байна. Харин тэнд бурхны шашны том хийд байсан гэсэн дүгнэлтэд хүрсэн. Өөр нэг баг Хархорин хотын худалдааны гудамжинд малтлага хийж, чулуугаар доторлосон төв замтай байсныг тогтоох жишээтэй. Түүнээс гадна хотын хог хаягдал дундаас жимсний үр олдсоныг судалж, тухайн үед ямар жимс хүнсэндээ хэрэглэж байсныг тодорхойлсон. Монголд ургадаггүй олон төрлийн жимсийг худалдаа наймаагаар гаднаас авдаг байсан нь илэрсэн. Тэндээс олдсон нэг үрийг ямар жимснийх болохыг огт тогтоож чадахгүй байжээ. Тэгээд тэр судалгааны баг хөдөө явах гээд Хархорин хотын захаас хүнсээ цуглуулж явж. Тэгтэл Хархорин зах дээр самар зарж байхаар нь юун самар болох тухай асуухад зүгээр л монгол хушны самар байж. Нөгөө судлаач маань бараг л “Эврика!” гэж хашгирсан гэдэг. Манай хушны самар Европын ботаникийн санд байдаггүй юм байна л даа. Нөгөө танихгүй үрээ ном, судалгааны материалаас хайгаад олохгүй явж явж сая нэг мэдэж авсан нь тэр. Энэ мэтчилэн тухайн хот суурингийн бүтцээс гадна тэнд амьдарч байсан хүмүүсийн хүнсний хэрэглээг хүртэл тогтооно.

-Тэгэхээр тэр үед монголчууд гадаад орнуудаас ховор нандин жимс хүртэл авдаг байжээ?

-Тэгэлгүй яахав. Дэлхийн том эзэнт гүрний хаад шүү дээ.

- Сэтгэлд хамгийн тод үлдсэн судалгаа, малтлага тань аль бол?

- 2009 онд Төв аймгийн Заамар сумын Шороон бумбагарын малтлага хамгийн онцгой байсан. Уг булшин дотор оршоосон хүнийх нь намтрыг чулуун дээр бичиж үлдээсэн байв. Тэр орчим нь Киданы үеийн олон хотын туурь байдаг. Тиймээс анх бид кидан булш байх магадлалтай гэж үзээд малтлагаа хийж эхэлсэн. Тэгтэл тэндээс гарч ирсэн бичээсийг судлахад юун Кидан, Киданаас өмнөх үеийнх болох нь тогтоогдсон. 678 онд тэнгэр болсон Бухуг аймгийн тэргүүн Итүгийн булш байсан. Энэ нь юугаараа онцлог вэ гэхээр эзэн нь тодорхой цөөн булшны нэг байсан юм.

- Тэнд ямар утгатай бичээс байв?

- Энэ хүн аль овог, аймгийн хэний хүүхэд болохыг тодорхой бичсэн байсан. Бухуг аймгийн тэргүүн Итү жанжин Тан улсад цэрэг зэвсгийн нөөцтэй очиж баруун тийш Төвөд хүртэл дайлаар мордож эсэргүүнүүдийг дарав гэсэн утга бүхий алдар гавьяаг нь тоочсон бичээс байв. Уг бунхан тоногдсон байсан ч бичээс нь чулуун дээр учраас тонуулд өртөлгүй сайтар хадгалагдсан байв. Энэ нь Монголд анх удаа гэж хэлж болохуйц том бунхан байсан тул нэлээд нүсэр ажил болсон юм. Энэ үед бидний малтлага газрын гүн рүү долоон метр орчим орсон байсан учраас бэхэлгээ хийх хэрэгтэй болсон. Сонирхолтой нь би зүгээр нэг уурхайчин найзтайгаа элдэв юм ярьж суутал найз маань нүүрсний уурхайн бэхэлгээний тухай ярилаа. Тэгээд тэнд нөгөө найзынхаа яг ярьсных нь дагуу сайн бэхэлгээ хийж байв. Энэ Шороон бумбагарын малтлага надад судлаач хүний хувьд хамгийн том шагнал байсан. Энэ судалгаагаараа би ном бичсэн, одоо дараагийн номоо бичиж байна. Энэ бол манай төдийгүй энэ үеийг сонирхон судалдаг судлаачдын анхаарлыг татсан том үйл явдал байсан юм. Эндээс олдсон олдворыг одоо Чингис хааны музейд байршуулсан байгаа.

Шороон бумбагарын малтлагын үеэр

- Археологич мэргэжлийн хамгийн гол онцлог юу вэ, энэ ер нь хэр хэцүү мэргэжил вэ?

- Археологич, түүхч хоёр адилхан гэдэг. Гэхдээ археологич бол өөрсдөө сурвалжийг олж малтаж гаргаж ирээд түүнийгээ задлан тайлбарладаг мэргэжил юм. МУИС-ийн багш, археологич Ц.Төрбат багш “Археологи бол олдворыг яриулдаг ухаан юм” гэж хэлдэг. Нөгөө талаар археологи нь бичгийн сурвалжид тэмдэглэгдээгүй жирийн хүмүүсийн түүхийг хот балгадын олдвороос олж тогтоодог юм. Бичгийн сурвалжид ихэнхдээ хаадын түүх тэмдэглэгддэг шүү дээ. Би үүнийг тодорхойлж хэлэхдээ “Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг байдаг бол” гэдэг шиг археологич мэргэжил бол өнгөрсөн түүхээр аялах мэргэжил юм. Бид өнөөдөр 21 дүгээр зуунд амьдарч байна. Харин археологичид бид энэ зууны нэг өглөө босож гэрээсээ гараад ажил дээрээ очмогцоо шууд өнгөрсөн зуунд очдог. 13 дугаар зуунд очоод, тэр үеийн хаадын их хуралдайд ороод суучихаж байна гэсэн үг. Ажлаа хийж байхдаа төсөөллөөрөө хүртэл өнгөрсөн зуунуудаар аялаад л явах боломжтой мэргэжил юм.

- Эмэгтэй архелогичид байдаг уу?

- Байх нь байна. Гэхдээ энэ мэргэжил эмэгтэй хүнд амаргүй ажил. Нэг хээрийн судалгаанд гарахаараа хэдэн сар хээрээр явна шүү дээ.

- Эртний булш бунханыг их тонодог тухай яриа байдаг. Энэ талаар?

- Хамгийн ноцтой асуудал бол энэ. Олз хайсан, амархан олз омог олж хурдан баяжих хүсэлтэй хүмүүс эртний ховор нандин дурсгалд маш ихээр халдаж эвдэж сүйтгэдэг. Хүмүүс бодохдоо булш бунханд дүүрэн алт мөнгө байгаа гэж буруу ойлгодог. Яг үнэндээ бол монголчууд бид түүхэндээ хамгийн тансаг, хангалуун амьдралтай үе хэзээ вэ гэвэл яг өнөө бидний үе шүү дээ. Нүүдэлчид бол бүхий л цаг үедээ эд зүйлийн хомсдолтой байсаар ирсэн. Яахав, 13 дугаар зууны эзэнт гүрний үед боломжийн амьдардаг байсан байх. Тэгвэл бодоод үзье. Одоо хүмүүс талийгаачаа нутаглуулахдаа гэртээ байгаа алт мөнгөө бүгдийг нь авсанд нь хийдэг билүү? Тэгэхээр хүмүүст хандаж хэлэхэд эртний булш бунханд ямар ч алт мөнгө, үнэт эдлэл байхгүй. Өөд болсон хүний булшнаас амьд хүнд хэрэг болох зүйл бараг л гарахгүй. Тэр бүү хэл булшинд зэр зэвсэг хүртэл хийхгүй. Яагаад гэвэл энэ чинь үнэтэй зүйл шүү дээ. Түүнийг үр хүүхэд нь авч хэрэглэх ёстой. Зүгээр талийгаачийн гарын дор хэрэглэдэг байсан нэг хутга ч юм уу авсанд нь хийдэг л дээ. Түүнээс биш хамаг алт мөнгө, үнэтэй цэнтэй бүхнийг нь хамаад булшинд нь хийчихдэггүй юм. Нөгөө талаар булш тонодог явдал зөвхөн өнөөдөр гараад байгаа юм биш. Эртний булшнуудын ихэнх нь тухайн цаг үедээ тоногдсон байдаг. Тухайн оршуулга, тайлганд оролцсон, тэрхүү булшны талаар маш сайн мэдээлэлтэй хүмүүс тоносон нь анзаарагддаг. Яагаад вэ гэхээр булшийг бүрэн ухаж гаргаж ирэх биш яг хэрэгтэй зүйлээ авах хэсэгхэн газраар л ухаж тоносон нь харагддаг. Ихэнхдээ хүмүүсийг агсарга бүстэй нь нутаглуулдаг байж. Тэгтэл ихэнх булшны яг бүсэлхий хэсгээр нь ухаад агсарга бүсийг нь авсан нь ажиглагддаг.

- Хамгийн сүүлд ямар судалгаа, малтлага хийв?

- Манай ШУА-ийн Археологийн хүрээлэн болон түрэг үндэстний таван улс нийлсэн олон улсын “Түрэг академи” хоёр хамтарсан судалгаа хийлээ. Номгоны хөндий, Тарнын голын баруун талд байдаг Түрэгийн бүлэг дурсгалд малтлага судалгаа хийгээгүй байсан юм. Хөшөө цайдамд хаадын гол онгон байдаг гэж үздэг. Харин энэхүү Номгоны хөндийд байдаг тахилын онгоныг судалж үзэхээр “Номгон-2” төслийг эхлүүлж хамтарсан судалгаа, малтлага хийсэн. Эндээс гэрэлт хөшөөний оройн хэсгийн хугархай олдсон. Уг олдвор нь нэг талдаа руни бичигтэй, нөгөө талдаа согд бичигтэй, ар талдаа брахми бичигтэй байсан. Брахми бичигтэй талаараа харж унасан тул тэр нь нэлээд баларсан. Нутгийн иргэд энэхүү дурсгалд маш их сүсэгтэй ханддаг юм билээ. Тэд юу гэдэг вэ гэхээр хөшөөний хугархай толгойг нь залгаад нийлүүлж орхивол ган зуд, гамшиг нүүрлэдэг гэж үздэг. Биднийг очиход толгойг нь холбож болохгүй шүү гэж их анхааруулж байсан. Тахил, шүтээнд хандах нүүдэлчдийн хандлага харагдаж байгаа юм. Энд сийлсэн рүни бичгийг манай эрдэмтэд тайлж уншихад Түрэгийн хоёрдугаар хаант улсыг байгуулсан Күтлүг хааны нэр байсан. Согд бичигтэй тал дээр нь бас түүний нэр байна гэж үзсэн. Бичээс бүрэн тайлагдсаны дараа илүү тодорхой болох байх. Урьдчилсан байдлаар Күтлүг хааны тахилын онгон гэж тогтоосон. Энэ Күтлүг хаан нь Хөшөө цайдамд хөшөө нь сүндэрлэн буй Билгэ хааны эцэг нь юм. Энэ утгаараа шинэлэг нээлт болсон. Нөгөө талаар энэ маань хос хэлний дурсгал болж байгаа юм. Олон улсын “Түрэг академи” түрэг судлалд үнэтэй хувь нэмэр оруулсан судлаачдыг Томсоны нэрэмжит алт, мөнгөн медалиар шагнадаг. Бидний хийсэн судалгааг өндрөөр үнэлж намайг болон манай багийн судлаач Буянхишиг, Далантай бид гурвыг мөнгөн медалиар шагнасан. Шагналаа гардуулахдаа “Манай энэхүү шагналыг олон жил судалгаа хийсэн, настай хүмүүс ихэнхдээ авч байсан. Гэвч та бүхэн түрэг судлалд оруулсан хувь нэмрээрээ энэ шагналыг хүртэх бүрэн эрхтэй” гэж хэлсэн дээ. Олон улсын “Түрэг академи” гэдэг нь Турк, Казахстан, Узбекистан, Кыргызстан, Туркменистан таван улсын хамтарсан байгууллага юм. Төв нь Казахстанд байдаг

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.