images

Сангийн сайд Б.Жавхлан: Монгол улс дефолтын эрсдэлээс сэргийлж чадлаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-01-11


     Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Сангийн сайд Б.Жавхлан Монгол улсын 2022 оны нэгдсэн төсвийн урьдчилсан гүйцэтгэл болон Засгийн газрын гадаад өрийн зохицуулалтын талаар танилцууллаа. Өнгөрсөн онд манай улсын төсвийн алдагдал 60 хувиар буурч, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж, гадаад худалдаа сайжирсан дүн гарчээ. Мөн 2022 оны нэгдүгээр улиралд -3.9 хувь байсан эдийн засаг оны эцэст 4.0 хувь болж дээшилсэн байна. Засгийн газраас 2020 онд хэрэгжүүлсэн “Номад”, 2021 онд хэрэгжүүлсэн “Сенчири” өрийн зохицуулалтын арга хэмжээний үр дүнд өнгөрсөн оны 12 дугаар сарын 5-нд "Чингис" бондын үлдэгдэл 136.8 сая ам.долларын төлбөрийг эргэн төлсөн билээ. Улмаар Хөгжлийн банкнаас авсан зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлж 994.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлжээ. Ингэснээр Засгийн газрын баталгаатай "Самурай" бондын эргэн төлөх мөнгөн хөрөнгийг 100 хувь бүрдүүлж, цаашлаад тус банк дампуурах эрсдлээс салсан байна. Мөн 1 дүгээр сарын 9-ний байдлаар олон улсын 138 хөрөнгө оруулагчаас дөрвөн тэрбум ам.долларын захиалга ирж өмнөх өрийн зохицуулалтын арга хэмжээг амжилттай хэрэгжүүлжээ. Улмаар олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч "Fitch", "S&P" агентлагууд 5, 7 дугаар сард үнэлгээ хийж манай улсыг B буюу тогтвортой төлөвтэй байна гэж үзжээ. Иймд Сангийн сайд Б.Жавхлан “Монгол улс дефолтын эрсдэлээс сэргийлж чадлаа” гэв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.