Хөнгөн атлетикийн ДАШТ Африк тивд анх удаа болно
2025 оны Токиогийн ДАШТ-ий 5000 метрийн гүйлтэд түрүүлсэн Кенийн тамирчид. © Getty Images

Хөнгөн атлетикийн ДАШТ Африк тивд анх удаа болно


   Кени улс 2029 оны Хөнгөн атлетикийн ДАШТ-ийг зохион байгуулах орноор шалгарч Африк тивийн анхны ийм орон боллоо. Тус улсын нийслэл Найроби хот энэ эрхийн төлөө Лондон, Мюнхэн, Ром хоттой өрсөлдөн ялсан байна. Кени улсын ерөнхийлөгч Уильям Руто энэ мэдээг өнөө өглөө ард түмэндээ зарлахдаа “Хөнгөн атлетикийн ДАШТ эх орондоо эргэн ирж байна" хэмээн мэдэгдээд “Энэ бол эх орныхоо нэрийг дэлхийн гүйлтийн спортод дуурсгасан үе үеийн тамирчдын ялалт мөн” гэжээ. 2025 оны ДАШТ-ийг зохион байгуулах өрсөлдөөнд Токиод ялагдаж байсан Кени улс энэ удаад хэд хэдэн хүчин зүйлийн үр дүнд Европын өрсөлдөгчдөө ардаа орхиж чадсан байна. Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Лорд Коу өнөө өглөө Будапешт хотод дээрх шийдвэрийг зарлахдаа Кенийн мэдүүлгийг "Үнэмшилтэй бөгөөд сэтгэл хөдөлгөм байсан” хэмээн тодорхойлжээ.

   Зүүн Африкийн энэ улс ДАШТ-ий түүхэнд 72 алтан медаль хүртсэн амжилтаар АНУ-ын дараа хоёрдугаарт ордог. Кенийн тамирчид мөн Олимпын 38 алтан медалийнхаа ихэнхийг гүйлтийн дунд болон холын зайн төрлөөр авсан юм. Л.Коу “Хөнгөн атлетик бол Кенийн амин сүнсэнд шингэсэн спорт бөгөөд кеничүүд энэ спортын түүхийг бахархалтайгаар бичилцэж ирсэн" хэмээн тэмдэглэжээ. Шалгаруулалтад Кени улсыг идэвхтэй дэмжсэн Олимпын хошой аварга Элиуд Кипчоге, эрэгтэйчүүдийн 800 метрийн дэлхийн рекордын эзэн Давид Рудиша болон ДАШТ, Олимпын олон медальт Фэйт Кипьегон нарын тамирчдыг Л.Коу мөн онцлон дурдсан байна. Үүнээс гадна өрсөлдөөнд ялахад хүргэсэн нэг давуу тал нь тус улсын хөгжөөн дэмжигчид болохыг BBC Sport мэдээлжээ. Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос явуулсан судалгаагаар кеничүүдийн 68% нь хөнгөн атлетикт дуртай гэж хариулсан бөгөөд энэ нь дэлхийн дундаж болох 39%-иас хавьгүй өндөр үзүүлэлт аж. Хөнгөн атлетик нь Кенид хөлбөмбөгийн дараа орох хоёр дахь том спорт бөгөөд Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны сошиал сувгуудыг дагагчдын тоогоор Кени улс дэлхийд дөрөвдүгээрт жагсдаг байна.

   2025 оны тэмцээнийг авахаар гаргасан Кенийн мэдүүлэг амжилт олоогүй нь барилга байгууламж, дэд бүтцийн хангалтгүй байдлаас болжээ. Харин энэ удаа дэлхийн шилдэг тамирчид Найробид цуглахаас өмнө тус улс 48 мянган хүний суудалтай "Касарани" цэнгэлдэх хүрээлэнг ашиглалтад оруулах юм. Кени улс тус цэнгэлдэх хүрээлэнд ирэх оны зургаа, долоодугаар сард Танзани, Уганда улсуудтай хамтран Хөлбөмбөгийн Африкийн үндэстнүүдийн цомын тэмцээнийг (Afcon) зохион байгуулна. "Бид 2025 оныхоо алдаанаас ихийг суралцсан” гэж, ялалт байгуулсан багт ажилласан Барнаба Корир BBC World Service сувагт ярьжээ. "Суралцсаны ачаар бид тэрхүү сул талуудаа залруулж, үзүүлэлтүүдээ сайжруулж чадсан. Хөгжүүлсэн дэд бүтэц маань дэлхийн стандартад нийцэхээр болсонд баяртай байна" хэмээн тэрбээр мөн хэлжээ. Найроби хот нь олон улсын томоохон хурлуудыг тогтмол хүлээн авдаг тул зочид буудлын хүчин чадалд бэрхшээл үүсэхгүй гэж зохион байгуулагчид үзэж байна. "Кени улс зочин хүлээн авах үйлчилгээ болон аялал жуулчлалын салбараараа алдартай" гэж Спортын яамны төрийн нарийн бичгийн дарга Элижа Мванги BBC-д ярьжээ. Ерөнхийлөгч У.Руто ДАШТ-ийг хүлээн авахын тулд санхүүгийн болон аюулгүй байдлын бүрэн баталгаа гаргаж өгснөө дурдаад "Кени улсад итгэл хүлээлгэсэн Дэлхийн хөнгөн атлетикийн холбоонд талархаж байна. Бид тамирчид, эх орон болон тивдээ үл мартагдах ДАШТ-ийг зохион байгуулж энэ итгэлийг нь хариулах болно" хэмээн хэлснийг BBC мөн эш татжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.