Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мюн Монголд ирэхийн өмнө НАТО-гийн уулзалтад оролцоно
Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мюн, гэргий Ким Хе Гёны хамт Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Монгол улсад төрийн айлчлал хийх гэж байгаа билээ. Энэ айлчлалын өмнө И Жэ Мюн Хойд Атлантын гэрээний байгууллага буюу НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор өнөөдөр Туркийн Анкара хотноо очлоо. Тэрбээр НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттегийн урилгаар тус уулзалтад оролцож байгаа юм. Дээд хэмжээний уулзалтад НАТО-гийн гишүүн орны төлөөлөгчид, тэр дундаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп оролцоно. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Туркэд айлчлах энэ хугацаандаа НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Япон, Австрали, Шинэ Зеландын төлөөлөгчидтэй албан ёсны уулзалт хийх аж. Учир нь, энэ гурван улс болоод Өмнөд Солонгос нийлж НАТО-гийн Энэтхэг–Номхон далайн дөрвөлийг бүрдүүлдэг. Улмаар тэр хэд хэдэн орны төлөөлөгчтэй хоёр талын уулзалт хийснээр айлчлалаа өндөрлөж манай улсад ирнэ. Монголд долоодугаар сарын 09-нөөс 12-ны өдрүүдэд айлчлах бөгөөд эхний өдөр хоёр улсын төрийн тэргүүнүүд дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөжээ. Улмаар талууд тунхаглалаа зарласны дараа хоёр улсын бизнес форумд оролцож, 11-ний өдөр Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочноор оролцоод эх орондоо буцах аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







