Улсын гуравдугаар эмнэлгийнхэн дөрөв дэх Төрийн шагналаа хүртэв

Улсын гуравдугаар эмнэлгийнхэн дөрөв дэх Төрийн шагналаа хүртэв


   Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай зургаан бүтээлд Төрийн шагнал хүртээлээ. Төрийн шагналыг тухайн салбартаа шинээр төрөн гарсан болон онцгой гойд үйлс бүхий бүтээлүүдэд олгодог бөгөөд энэ жилийн тухайд анагаах ухаан, хууль эрх зүй, дүрслэх урлаг,  математик, физик, хөгжмийн урлаг зэрэг чиглэлээр Төрийн шагналт бүтээлүүд шалгарчээ. Үүний дотор Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нарын хамтын “Зүрхний титэм судасны бичил болон судсан дотуурх мэс засал, эмчилгээний арга технологийг цогцоор нэвтрүүлсэн нь” бүтээл Төрийн шагнал хүртсэн нь онцлох үйл явдал болов. Уг бүтээлийн багийг  УГТЭ-ийн зөвлөх эмч З.Лхагвасүрэн ахалж, УГТЭ-ийн захирал Ц.Төмөр-Очир, мэс заслын ерөнхий зөвлөх Н.Баасанжав, судсан дотуурх оношилгоо, эмчилгээний төвийн их эмч Ц.Дамдинсүрэн, Зүрхний мэс засалч, зөвлөх эмч Д.Цэгээнжав нар ажилласан байна. Энэ нь зүрх, судасны бичил болон судсан дотуурх мэс засал, эмчилгээний дэвшилтэт арга технологийг Монгол улсад цогцоор нь нутагшуулж, оношилгоо, эмчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд хүргэн, олон мянган иргэний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяатай үйлс юм. Дашрамд дурдахад, Гуравдугаар эмнэлгийн хамт олон ийнхүү Төрийн шагналыг дөрөв дэх удаагаа хүртэж байгаа ажээ.

 

 

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.