Орос хэлний хамгийн урт үг 55 үсэгтэй
Орос хэлэнд бүртгэгдсэн хамгийн урт таван үг 29-өөс 55 үсгээс бүрддэг болохыг Москвад төвтэй Орос хэл судлалын хүрээлэнгээс "РИА Новости" агентлагт мэдээлжээ. "Өнөөг хүртэл орос хэлний хамгийн урт үгээр "превысокомногорассмотрительствующий" (35 үсэгтэй) хэмээх үгийг тооцдог байсан бөгөөд энэ нь хуучин цагийн албан хэрэгцээний үгсийн санд хамаардаг. XVIII–XIX зуунд ийм хэлбэрийн үгийг өндөр хэргэмтэй хүмүүст дээд зэргийн хүндэтгэл үзүүлж хандахдаа ашигладаг байсан" хэмээн уг мэдээлэлд дурджээ. Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр хамгийн урт үгсийн жагсаалтад шинэ үг олноор нэмэгдсэнийг тус хүрээлэн тогтоосон бөгөөд “Цогц эмчилгээний нэгэн төрлийг илэрхийлдэг "водогрязеторфопарафинолечение" буюу ус, шавар, хүлэр, парафин эмчилгээ (29 үсэгтэй), тусгай сурган хүмүүжүүлэх ухааны нэгэн чиглэл болох "тифлосурдоолигофренопедагогика" буюу хараа, хэл, тулгуур эрхтний хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сурган хүмүүжүүлэх ухаан (30 үсэгтэй) зэрэг үг үүнд орно" хэмээн дээрх мэдээлэлд дурдсан байна.
Олон үсэгтэй үгийн тоонд химийн нэр томьёонууд онцгой байр суурь эзэлдэг бөгөөд бодисын нэршил нь түүний бүтцийг тодорхой тусгах ёстой байдаг тул үг нь өөрөө маш урт болох явдал элбэг байдаг аж. Үүний нэг тод жишээ бол 50 үсгээс бүрдэх "гидразинокарбонилметилбромфенилдигидробенздиазепин" хэмээх үг юм. Сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс үзэхэд орос хэлэнд өнөөдрийн байдлаар бүртгэгдсэн хамгийн урт үгээр "тетрагидропиранилциклопентилтетрагидропиридопиридиновые" хэмээх үгийг тооцож байна. 55 үсгээс бүрдэх энэ үг нь химийн нэгдлийн патентын нэршилд оржээ.
Орос хэл судлалын хүрээлэнгийн мэдээлснээр, хэрэв үг бүтээх боломжит бүх хувилбарыг тооцвол үгийн урт бараг хязгааргүй байх боломжтой аж. Жишээлбэл, нийлмэл тооны нэр эсвэл техникийн нэр томьёо хэдэн арав, тэр байтугай хэдэн зуун үсэгтэй байх бололцоотой гэнэ. Иймээс хэл шинжлэлийн эрдэмтэд ихэвчлэн толь бичиг, эрдэм шинжилгээний бүтээл, патент болон бусад албан ёсны эх сурвалжид бодитоор тэмдэглэгдсэн үгсийг л авч үздэг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.






