"iPhone 18" цуврал худалдаанд хэзээ гарах вэ?
© Priyanshu Singh / Reuters

"iPhone 18" цуврал худалдаанд хэзээ гарах вэ?


   “Apple” корпораци “iPhone 18” цувралын шинэ гар утаснуудаа энэ оны есдүгээр сарын эхээр танилцуулахаар төлөвлөж байгаа тухай “Bloomberg” агентлагийн шинжээч Марк Гурман мэдээллээ. Түүний таамаглаж буйгаар, танилцуулах арга хэмжээ есдүгээр сарын 8-ны мягмар, эсвэл 9-ний лхагва гарагт болох магадлалтай байна. “Apple” компани ийм арга хэмжээгээ ихэвчлэн баярын дараах өдрүүдэд хийдэг уламжлалтай. Тэгвэл  АНУ-ын үндэсний баяр болох Хөдөлмөрийн баяр (Labor Day) энэ жил есдүгээр сарын 7-нд тохиож байгаа юм. Есдүгээр сарын арга хэмжээнд “iPhone 18 Pro”, “iPhone 18 Pro Max” болон анхны эвхэгддэг загвар "iPhone Ultra"-г (эсвэл iPhone Fold) танилцуулах төлөвтэй байна. “Apple” компани энэ жил шинэ гар утаснуудаа хоёр үе шаттайгаар худалдаанд гаргах бололтой. Ингэхдээ үндсэн “iPhone 18” болон “iPhone 18e” загваруудыг 2027 оны хавар танилцуулахаар хойшлуулж магадгүй байна. Танилцуулах арга хэмжээ есдүгээр сарын 9-нд болбол, урьдчилсан захиалга есдүгээр сарын 10-нд эхэлж, есдүгээр сарын сүүлчээр худалдаанд гарна. Бүрэлдэхүүн хэсгүүд, ялангуяа санах ойн чипийн үнэ өссөнөөс шалтгаалан “iPhone 18 Pro” цувралын үнэ өмнөх загваруудтай харьцуулахад 200 хүртэл доллароор нэмэгдэж болзошгүй гэсэн таамаг байна. Мөн саяхан гарсан мэдээллээр “Apple”-ийн одоо худалдаалж буй хамгийн үнэтэй төхөөрөмж нь 14299 ам.долларын үнэтэй “Mac Studio” компьютер болохыг “Wccftech” сэтгүүл онцолжээ.

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.