Украин бүсгүй орос цэргүүдтэй цахимаар танилцан тагнуулын мэдээ цуглуулдаг байжээ

Украин бүсгүй орос цэргүүдтэй цахимаар танилцан тагнуулын мэдээ цуглуулдаг байжээ


   Орост эзлэгдсэн Украины нутаг дэвсгэр дэх эмнэлэг, сургууль зэрэг байгууллагад ажиллаж буй украин эмэгтэйчүүд Оросын цэргүүдийн сэтгэл зүрхийг татаж нууц мэдээлэл олж авдаг "Honeytrap" нэртэй тактик хэрэглэж байгаа тухай “The Atlantic сонин мэдээлэв. Тухайлбал, Украины өмнөд хэсэгт байрлаж буй Оросын цэргийн ангийн захирагч, чечень гаралтай Ахмед хэмээх эр цахим сүлжээгээр украин бүсгүйтэй танилцаж дотноссон байна. Тэрбээр 35 настай, ганц бие хэмээн өөрийгөө танилцуулсан бүсгүйтэй WhatsApp сүлжээгээр өдөр бүр зурвас илгээж ярилцдаг болжээ. Ихэд дотносон ний нуугүй ярилцах болсон хойно украин бүсгүй түүнээс өдөр тутмын ажил, амьдралынхаа тухай зургаа явуулахыг хүсэж, Ахмед ч даруй зургаа явуулжээ. Гэтэл зургаа илгээснээс хойш удалгүй түүний алба хааж байсан цэргийн анги Украины дроны цохилтод өртөв.

   Хайр, халамжгүй нөхрөөсөө салж гэр бүлээ цуцлуулсан хэмээн өөрийгөө танилцуулсан украин бүсгүй Ахмедаас дайны талаар байнга асуудаг байсан аж. Гэхдээ цэргийн нарийн нууц мэдээлэл биш, зөвхөн өдөр тутмын амьдрал, тухайлбал дайны талбарт ямар байдаг, өдөрт юу хийдэг, тулаанд орсон эсэх, дайн дууссан хойно юу хийх гэж байгаа гэх мэт энгийн зүйлсийг сониучирхан асуудаг байжээ. Ахмед украин бүсгүйд илгээсэн зургаа онцгой мэдээлэл агуулаагүй энгийн нэг зураг гэж бодож байв. Гэвч илгээсэн зургийнх нь ард, хананд өлгөсөн газрын зурагт цэргийн ангийн байршлыг тэмдэглэсэн байв. Удалгүй Украины дронууд тус анги руу довтолж бүрэн сүйрүүлэв. Украин бүсгүй бол үнэн хэрэгтээ нөхрөөсөө салж ганцаардсан гэрийн эзэгтэй биш, харин Украины Цэргийн тагнуулын албаны офицер байжээ. Тэрбээр Орос, Чечений хүчнийхэнтэй цахим сүлжээгээр романтик харилцаа тогтоож, цэрэг тагнуулын мэдээ цуглуулдаг байсан аж. Гэр орноосоо хол, бусдын нутагт олон жил, сараар тулалдаж буй орос цэргүүдтэй дээрх мэтээр хайр дурлалын харилцаа үүсгэж, цаашлаад цэрэг тагнуулын мэдээлэл олж авдаг тактикийг Украины тагнуулын алба чадварлаг ашиглаж байгаа ажээ. Орос цэргийн илгээсэн ганц зурагт орсон хувийн дугаар, орчны байдал, ханан дээрх газрын зураг, GPS өгөгдөл гэх мэт энгийн жижиг сэжүүрээс онц чухал мэдээлэл олж авсан тухай “The Atlantic сонин мэдээлсэн байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.