Япон: Биеийн хүчний ажил эрхлэгчдийн цалин, эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна
Японд цэнхэр захтнуудын ажил гэгдэх биеийн хүчний ажлын байрны цалин, эрэлт хэрэгцээ мэдэгдэхүйц өсөж байна. Тухайлбал автомашины засварчин, мужаан гэх мэт ажлын байрны эрэлт хэрэгцээ их байгаа тухай “Nihon Keizai Shimbun” сонин мэдээлэв. Эрүүл мэнд, хөдөлмөр, халамжийн яамны үндсэн цалингийн бүтцийн судалгааны мэдээлэлд үндэслэн “RecruitWorks” хүрээлэн 145 төрлийн ажил мэргэжлийн жилийн цалинд дүн шинжилгээ хийж үзэхэд дээрх үр дүн гарсан байна. Судалгааны дүнгээр, жилийн цалин хамгийн сайн өссөн мэргэжил бол таксины жолооч (38.3%), асрагч (38%), төлбөр хураагч зэрэг гадаа үйлчилгээний ажилтан (36.3%), мужаан, барилгын ажилчид (31.7%) ажээ. Тоон дүнгээр авч үзвэл автомашины засварчин, мөн мужаан зэрэг барилгын талбайн ажилчдын жилийн дундаж цалин 4,921,300 иен байгаа нь томоохон оффисын ажилчдын цалингаас өндөр байна. Үүний гол шалтгаан нь биеийн хүчний ажлын ажиллах хүчний хомсдол юм. Эсрэгээр эрүүл мэнд, боловсрол, асрамжийн салбарын цалин хамгийн бага өсөлттэй байна. Асран хамгаалагч, сувилагчийн цалин 5.7 хувь, эмч нарынх 8.5 хувиар өссөн нь хамгийн бага үзүүлэлт юм. 2024 оноос хойш бага, дунд сургуулийн багш нарын цалин бараг нэмэгдээгүй бол ахлах сургуулийн багш нарын цалин ердөө 1.1 хувиар өсчээ. Эдгээр өөрчлөлт нь хөдөлмөрийн зах зээлд цагаан захтны ажлын байрнаас цэнхэр захтны ажлын байр руу шилжихэд хүргэнэ гэж мэргэжилтнүүд таамаглаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







