ОХУ: “Telegram”-ын үүсгэн байгуулагч Павел Дуровыг шалгаж эхлэв

ОХУ: “Telegram”-ын үүсгэн байгуулагч Павел Дуровыг шалгаж эхлэв


   ОХУ-ын хуулийн байгууллага “Telegram” мессенжер аппликэйшнийг үүсгэн байгуулагч Павел Дуровыг терроризмыг дэмжсэн хэргээр саатуулан шалгаж эхлээд байна. Төрийн өмчит "Российская газета" сонины мэдээлснээр, Украин болон НАТО-гийн тагнуулын байгууллагууд П.Дуровыг Оросын эсрэг ажиллагаандаа ашиглаж байсан гэж Холбооны аюулгүй байдлын алба (ФСБ) мэдэгджээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков уг мэдэгдлийг хүлээн зөвшөөрсөн байна. Д.Песков “Telegram”-ыг хаах эсэх тухай асуултад шууд хариулт өгөхөөс зайлсхийж "Манай аюулгүй байдлын байгууллагууд шаардлагатай гэж үзсэн бүх арга хэмжээг авна" гэсэн товч хариу өгчээ. “Telegram” нь сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Орост өргөн хэмжээгээр ашиглаж ирсэн сүлжээ бөгөөд идэвхтэй хэрэглэгчдийн тоо 100 сая давж, армийн удирдагчид, хотын дарга нар болон засгийн газрын яамд уг аппликэйшнийг бодлогын мэдэгдэл, иргэний гомдол, шууд нэвтрүүлэг зэрэгт идэвхтэй ашигласаар байна. Өнгөрсөн 10 дугаар сараас хойш Оросын эрх баригчид “Telegram”-д үзүүлэх дарамтаа нэмэгдүүлж, үйлчилгээний зарим функцийг хязгаарлаж, нэвтрэх хурдыг удаашруулах зэрэг арга хэмжээ авч эхэлсэн юм. Тус улс өмнө нь Facebook болон Instagram-ыг хаасан бол өнгөрсөн жил YouTube-д мөн тодорхой хязгаарлалт хийх болсон юм. ОХУ-д төрсөн П.Дуров нь Арабын Нэгдсэн Эмират улсад аж төрдөг бөгөөд өмнө нь Оросын эрх баригчидтай хамтран ажилладаг байжээ. Харин Украины дайн эхэлсний дараа тэрбээр сүлжээний шифрлэлтийн түлхүүрээ ФСБ-д өгөхөөс татгалзаж, дайны эсрэг байгаагаа илэрхийлэх зэргээр төр засагтайгаа тэрсэлдэх болсон юм. Саяхан тус улсын Харилцаа холбоо, мэдээллийн технологи, олон нийтийн мэдээллийн сүлжээний хяналтын “Роскомнадзор” байгууллага “Telegram”-ыг гадаадын платформуудыг зохицуулах журмыг дагаж мөрдөөгүй хэмээн буруутгажээ. Харин ерөнхийлөгч В.Путины олон жилийн хамтрагч, “Шударга Орос” намын удирдагч С.Миронов "Үүрэг гүйцэтгэж буй дайчид болон тэдний гэр бүлийн хоорондох цорын ганц харилцааны сувгийг хааж байна" хэмээн шүүмжилсэн юм. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.