Их Британи, Франц, Канадын дараа Германы канцлер Хятадад айлчлав

Их Британи, Франц, Канадын дараа Германы канцлер Хятадад айлчлав


   Хятадад төрийн айлчлал хийж буй Германы канцлер Фридрих Мерц БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй дээд хэмжээний уулзалт хийж, хоёр улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов. Түүний айлчлал нь Их Британи, Франц, Канадын дараа сүүлийн гурван сарын хугацаанд G7-ийн гишүүн орнуудын удирдагчдын дөрөв дэх  айлчлал болж байна. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон өнгөрсөн оны 12 дугаар сард Хятадад айлчилсан бол үүний дараа Их Британийн ерөнхий сайд Кир Стармер, Канадын ерөнхий сайд Марк Карни нар өнгөрсөн сард Бээжинд айлчилсан юм. Шинжээчдийн үзэж байгаагаар АНУ, Европын хоорондох "Атлантын холбоо" задрах шинж тэмдэг илэрч байгаа тул Европын удирдагчид АНУ-аас хараат байдлаас гарахыг хичээж, Хятад улс энэ нөхцөл байдлыг ашиглан Европ дахь нөлөөгөө тэлэхийг оролдож байна. Дээд хэмжээний уулзалтын дараа гаргасан хамтарсан мэдэгдэлдээ Ши Жиньпин "Хятад, Герман бол дэлхийн хоёр, гурав дахь том эдийн засаг бөгөөд хоёр улсын харилцааны хөгжил нь Европ болон дэлхийд мэдэгдэхүйц нөлөө үзүүлнэ” гэжээ. Улмаар “Бид хамтын ажиллагаагаа хөгжүүлснээр Европ болон Хятад улс илүү хурдацтай хөгжилд хүрч, дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд томоохон их хувь нэмэр оруулна гэж найдаж байна" гэсэн байна. Харин Ф.Мерц "Олон улсын нөхцөл байдал хурдтай өөрчлөгдөж байгаа энэ цаг үед хоёр улс шинэ сорилтод хамтран хариу арга хэмжээ авах болно. Германы бизнесийн нийгэмлэг Хятадын зах зээлд ихээхэн ач холбогдол өгч, харилцан ашигтай, нийтлэг хөгжилд хүрэхийн тулд тус улстай хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэхийг зорьж байна" гэж мэдэгдсэн байна. Германы канцлерийг “Volkswagen, BMW зэрэг 30 гаруй компанийн төлөөлөгчид дагалдан явж байна. Өнгөрсөн жил Герман, Хятадын хоорондох худалдаа 251.8 тэрбум еврод хүрчээ. Нөгөө талаар АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп ирэх гуравдугаар сарын 31-нд Хятадад айлчилна. Энэ нь Япон, Италиас бусад G7-ийн таван орны удирдагч дөрвөн сарын хугацаанд тус улсад айлчилж буй анхны тохиолдол болох юм. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.