Нью-Йорк хотын иргэд цасаар байлдав

Нью-Йорк хотын иргэд цасаар байлдав


   АНУ-ын Нью-Йорк хотод өнгөрөгч 22-ноос 23-ны өдрүүдэд түүхэнд байгаагүй их цас оржээ. Зарим газарт 51 см-ийн зузаан хунгар тогтож, улмаар хүчтэй шуурсны улмаас хотод хөл хорио тогтооход хүрсэн байна. Харин энэ үеэр медиа контент бүтээгч нэгэн иргэн цаг товлон уриалга гаргаж, Манхэттэн дэх Вашингтон Скүэр цэцэрлэгт хүрээлэнд цасаар байлдах цэнгээн зохион байгуулсан бөгөөд иргэд маш олноор цугларч хоёр тал болж хуваагдан цасаар нааджээ. Энэ явдалд хяналт тавихаар Нью-Йорк хотын цагдаагийн албан хаагчид цэцэрлэгт хүрээлэнд ирсэн бөгөөд сахилгагүй хүмүүс тэднийг мөн цасан байлдаандаа татан оролцуулжээ. Тэд цагдаа нар луу цасаар нүүлгэж эхэлсэн бөгөөд зарим албан хаагчийн нүүр гэмтэж эмнэлэгт хүргэгдэв. Энэ тухайд “The New York Times“ сонин "Эхлээд тоглоом наргиан байснаа цагдаа нар ирсний дараа эмх замбараагүй байдал болж хувирсан" гэж мэдээлсэн байна. Цагдаагийн офицер Жессика Тиш "Тоглоом яваандаа шоглоом болсон. Манай мөрдөгчид энэ асуудлыг шалгаж байна" гэж мэдэгдэв. Харин хотын дарга Зохран Мамдани цагдаагийн албан хаагчдад хүндэтгэлтэй хандахыг уриалсан бөгөөд сэтгүүлчид түүнээс "Та үүнийг гэмт хэрэг гэж үзэж байна уу?" гэж асуухад "Тэгж бодохгүй байна. Хүүхдүүд цасаар байлддагаас ялгаагүй юм” гэсэн хариу өгсөн нь зарим улс төрчийн шүүмжлэлд өртөөд байна.

 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.