Украин: Алдартай бүжигчин бүсгүйн мэргэн бууч болсон түүх
Гэрэл зургийн эх сурвалж: “Associated Press” агентлаг

Украин: Алдартай бүжигчин бүсгүйн мэргэн бууч болсон түүх


   Орос-Украины дайны дөрвөн жилийн ойг тохиолдуулан Associated Press агентлаг Украины мэргэн бууч бүсгүй, 47 настай Татьяна Химионы тухай онцолжээ. Бүжигчин, хоёр хүүхдийн ээж тэрбээр 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Оросын довтолгоо эхэлж, дайн дэгдэх үед сайн дураараа мэргэн буучаар армид элссэн байна. Зургаан настайгаасаа бүжгээр хичээллэж эхэлсэн Татьяна насанд хүрсэн хойноо алдартай бүжигчин болж, улмаар олон улсын уралдаануудад шүүгчээр ажиллаж байжээ. Мөн дайны өмнө Украины Донецк хотод бүжгийн сургууль нээн ажиллуулж, хүүхдүүдэд хичээл зааж байв. Энэ тухайгаа тэрбээр "Би маш завгүй ажилладаг байсан. Эх орноо төлөөлөн олон улсын уралдаан, тэмцээнд байнга оролцож, долоо хоног бүр Европ, Азийн орнуудаар аялдаг байлаа” гэжээ. Эх оронд нь дайны гал дүрэлзэж байхад бүжиг наадам хийж явах нь түүнд зохимжгүй санагдаж, цэрэгт татагдсан нөхрөө даган сайн дураараа мэргэн бууч болсон байна. Нөхөр нь түүний шийдвэрийг эрс эсэргүүцсэн ч Татьяна бодлоо өөрчилсөнгүй, зорьсондоо хүрч чадсан аж. Эхлээд Европт буудлагын бэлтгэл хийсний дараа 2023 оны наймдугаар сард Украины агаарын довтолгооны 78 дугаар ангид ойрын зайн мэргэн буучаар элссэн байна. Түүний гол үүрэг бол тулалдааны үеэр довтлох ангийг мэргэн бууны галаар хамгаалах явдал байв. Цэргийн амьдралд дасан зохицох нь түүнд хэцүү биш байсан гэнэ. Өнгөрсөн хугацаанд мэргэжлийн онцлогоосоо хамааран өөртөө хатуу чанга шаардлага тавьж, бие бялдраа хөгжүүлж ирсэн бөгөөд хүүхдүүдэд бүжгийн хичээл зааж ирсэн туршлага нь цэргийн амьдралд дасан зохицоход ихээхэн тус болжээ. Цэрэг дайны амьдралынхаа талаар тэрбээр “Дайн намайг тэс өөр хүн болгосон. Баяр гуниг, сэтгэл хөдлөл, онцгой сонин мөчүүдийг би энд үзэж туулж байна” гэжээ.

   Украины дайн дөрвөн жил үргэлжилж байгаа ч гал зогсоох хэлэлцээр гацаанд ороод байна. Орос улс Украины зүүн хэсэгт орших Донецк, Луганск мужуудыг оролцуулан Донбассын бүс нутгийг шилжүүлэн авахыг шаардаж байгаа бол Украин улс сөөм ч газар өгөхгүй гэсэн байр сууриа хадгалсаар байгаа юм. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский саяхан “Дөрвөн жилийн дайн гэдэг үгийн ард сая сая хүмүүсийн эх орноо гэсэн хатан зориг, тэсвэр тэвчээр оршино. Бид тусгаар тогтнолоо хадгалсан хэвээр буй. В.Путин Украины ард түмнийг номхотгож чадахгүй” гэжээ. Украин дахь НҮБ-ын Хүний эрхийн байгууллагын мэдээлснээр, зөвхөн Украинд 15 мянган хүн амь насаа алдаж, 40 мянга гаруй хүн шархаджээ. Дайны улмаас сая сая хүн орон гэрээ орхин явсан бөгөөд Олон улсын цагаачлалын байгууллагын мэдээллээр, 2026 оны нэгдүгээр сарын байдлаар 3.712 сая иргэн гэр орноо орхин дүрвэж, 5.349 сая хүн Европын орнууд руу гарсан байна.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.