АНУ: Хорь гаруй жилийн өмнө алга болсон бүсгүй өөр нэрээр амьдарч байжээ

АНУ: Хорь гаруй жилийн өмнө алга болсон бүсгүй өөр нэрээр амьдарч байжээ


   АНУ-д 24 жилийн өмнө сураггүй алга болсон эмэгтэй өөр хотод эсэн мэнд аж төрж байгаа нь тогтоогджээ. Гэвч тэрбээр гэр бүлийнхэнтэйгээ уулзах хүсэлгүй байгаагаа хэлсэн байна. Тодруулбал 2001 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хойд Каролина мужийн Эден хотын иргэн, гурван хүүхдийн ээж, 38 настай Мишель Хандли Смит зул сарын бэлэг худалдаж авахаар машинаа унаж гараад сураггүй алга болжээ. Нөхөр, хүүхдүүд нь цагдаад мэдэгдэж, эрж хайсан боловч бүсгүй олдсонгүй. Тухайн үед хүүхдүүд нь 19, 14, 7 настай байжээ. Эрэл хайгуул олон жил үргэлжилсэн хэдий ч олдоогүй тул аргаа барсан нөхөр нь 2018 онд мэдээлэл цуглуулах зорилгоор, алга болсон эхнэрийнхээ нэрээр Фэйсбүүк хуудас нээсэн байна. Гэтэл хэрэг явдлаас хойш 20 гаруй жил өнгөрсөн хойно буюу өнгөрсөн 19-ний өдөр бүсгүйн байршлыг тодорхойлсон шинэ мэдээлэл иржээ. Цагдаагийн мөрдөн байцаалтаар түүнийг Хойд Каролина мужид өөр овог нэрээр энх тунх аж төрж байгааг тогтоосон байна. Гэвч нөхөр, хүүхдүүд нь түүнтэй уулзаж чадсангүй. Учир нь М.Смит гэр бүлийнхэнтэйгээ уулзахыг хүсэхгүй байгаагаа мөрдөн байцаагчдад хэлж, хаяг байршлаа нууцлахыг хүссэн байна. Түүний охин Аманда "Ээжийгээ амьд сэрүүн байгааг сонсоод баярлавч, уулзахгүй гэснийг нь сонсоод гомдож байна. Хэзээ нэгэн цагт уулзана гэж найдъя. Шинэ амьдрал сонгосон ээжийгээ амьд мэнд байгааг мэдэхэд сайхан байна" гэжээ. Одоогоор мөрдөн байцаагчид М.Смитийн алга болсонтой холбоотой нөхцөл байдал, түүний дотор гэр бүлээ орхиж, нэрээ нууцалсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.