АНУ Иранд агаарын цохилт өгөхөөр төлөвлөж буйгаа мэдэгдэв
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны дэглэмийг түлхэн унагаах зорилгоор томоохон хэмжээний цэргийн цохилт өгөхөөр төлөвлөж байгаа талаар Цагаан ордны эх сурвалж мэдээлсэн байна. Энэ асуудал ирэх 26-ны өдөр Швейцарын Женев хотод болох АНУ, Ираны цөмийн хэлэлцээрийн үр дүнгээс хамаарах төлөвтэй байна. Хэрэв байдал хурцадвал АНУ-ын зүгээс дайнтай тэнцэхүйц томоохон хэмжээний агаарын цохилт өгөх бөгөөд “Financial Times” сонины мэдээлснээр Америкийн арми саяхан Йордан, Саудын Араб руу 66 сөнөөгч онгоц шилжүүлэн байршуулжээ. Үүнд хамгийн сүүлийн үеийн F-35 сөнөөгч онгоц 18 ширхэг, F-15 онгоц 17, А-10 довтолгооны онгоц найман ширхэг багтсан байна. Мөн түүнээс гадна Кувейт, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират дахь бааз тус бүрдээ төдий тооны сөнөөгч онгоц байршуулжээ. Харин Ираны Дээд удирдагч Али Хаменеи ямар ч цэргийн халдлага ирсэн дэглэмээ хадгалж үлдэнэ гэдгээ үйлдлээрээ харуулсаар байна. Улмаар АНУ агаарын цохилт өгсөн тохиолдолд Иран улс Ойрх Дорнод дахь Америкийн 13 цэргийн бааз, түүний дотор Катар руу томоохон хэмжээний баллистик пуужингийн хариу цохилт өгөх төлөвтэй байна. Нөгөө талаар Иран улс Хуситууд, Хамас, Хезболла, Аль-Кайда зэрэг зэвсэгт бүлэглэлүүдийг дайчлан барууны орнуудын эсрэг террорист халдлага үйлдэж болзошгүй гэсэн болгоомжлол байна. Барууны тагнуулын байгууллагууд террорист бүлгүүдийн хоорондын харилцаа холбоо идэвхжиж байгааг олж мэджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







