Хятад: Хүнд тусалсныхаа төлөө шүүхэд дуудагдсан охидын хэргийг хэрэгсэхгүй болгожээ
Хятадад унадаг дугуйнаас унаж осолдсон өндөр настанд тусалсныхаа төлөө шүүхэд дуудагдаад буй хоёр охины хэрэг маргаан дэгдээж байна. Энэ явдал өнгөрсөн оны гуравдугаар сарын 15-ны өдөр Фужиан мужийн Футиан хотын зам дээр гарчээ. Унадаг дугуйгаар зорчиж явсан өндөр настай эрэгтэй огцом эргэлт хийх үедээ тэнцвэр алдан унаж осолдсон байна. Энэ үед урдаас нь гарч ирсэн дунд сургуулийн хоёр сурагч охин түүнд тусалж өргөж босгожээ. Гэтэл нөгөө эр хоёр охиноос болж дугуйнаасаа унасан гэж гомдол гарган шүүхэд хандсан байна. Тэрбээр эсрэг талын тээврийн хэрэгслээс зайлсхийж чиглэлээ өөрчлөх үед цахилгаан дугуй хөлөглөсөн хоёр охин гэнэт булан тойрч гарч ирэхэд цочихдоо унаж осолдсон гэж мэдүүлжээ. Орон нутгийн замын цагдаа хяналтын камер шалгаж үзээд сурагч охид тодорхой хэмжээнд хариуцлага хүлээх ёстой гэж үзжээ. Ингээд хохирогч эр тэднээс хохирлын нөхөн төлбөрт 220 мянган юань нэхэмжилсэн байна. Нэг охины ээж "Сайн санаагаар хүн тусалсныхаа төлөө төлбөрт орж байгаа нь шударга бус байна. Миний хүүхэд сэтгэл зүйн дарамтаас гадна их хэмжээний төлбөрт орлоо" гэж мэдэгдээд мөн шүүхэд гомдол гаргажээ. Энэ явдал олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тархаж, цахим хэрэглэгчдийн дунд ширүүн маргаан үүсгэсэн бөгөөд энэ талаар олон жилийн туршлагатай хуульч Жан Сяодун "Өндөр настан эр хоёр сурагчаас зайлсхийх гэж оролдохдоо унаж осолдсон тул тэд тодорхой хүрээнд хариуцлага хүлээх ёстой. Гэхдээ өндөр настан унадаг дугуй жолоодох чадвар муу байсан нь осол гарах гол шалтгаан болсон” гэж мэдэгдсэн байна. Үүний дараа хэргийг Линчуан дүүргийн шүүхээр авч хэлэлцэхээр товлосон ч өндөр настан буруугаа хүлээн зөвшөөрч нэхэмжлэлээ татаж авсан тул хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Сурагчдын эцэг эх ч мөн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн болохыг хэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







