Хятад: Хүний өмнөөс сар шинийн золголт хийх үйлчилгээг зогсоов

Хятад: Хүний өмнөөс сар шинийн золголт хийх үйлчилгээг зогсоов


   Хятадад гэрийн үйлчилгээний платформ сар шинийн баярын өмнө ажил ихтэй хүмүүсийн өмнөөс эцэг эхтэй нь золголт хийдэг үйлчилгээ нэвтрүүлсэн боловч хүчтэй шүүмжлэлд өртсөний улмаас үйл ажиллагаагаа зогсоосон байна. Тодруулбал Хэнань мужийн Жэнжоу хотод төвтэй тус платформ саяхан сар шинийн мэндчилгээ дэвшүүлж золголт хийдэг үйлчилгээг нэвтрүүлсэн юм. Захиалга өгсөн хүний өмнөөс аав, ээжтэй нь биечлэн уулзаж, уламжлалт заншлын дагуу бөхийн мэндчилж золгох бөгөөд энэ бүх үйл явцыг дүрс бичлэгт буулгаж, золголт дууссан хойно уг бичлэгээ үйлчлүүлэгчид илгээдэг ажээ. Энэ өвөрмөц үйлчилгээ нь хоёр цагийн 999 юанийн үнэтэй байв.

   Гэсэн хэдий ч уг үйлчилгээ нэвтэрсэн даруйд ард иргэдийн зүгээс шүүмжлэл ихээр гарч, аажмаар нийгмийг хамарсан маргаан болж, залуу үе, ахмад настнуудын хооронд үл ойлголцол бий болох хэмжээнд хүрсэн тул үйлчилгээг зогсоохоор болжээ. Тус компанийн зүгээс гаргасан мэдэгдэлдээ "Гадаадад амьдардаг болон сар шинээр ойр дотныхонтойгоо биечлэн золгож чадахгүй байгаа хүмүүст туслах зорилготой байсан. Уламжлалт ёс заншлыг алдагдуулах бодол агуулаагүй" гэжээ. Улмаар үүнээс үүдэн нийгмийн үл ойлголцол, зөрчилдөөн гарах болсон тул үйлчилгээгээ зогсоох болсноо мэдэгджээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.