Жэки Чан мэдрэлийн эмгэгтэй байснаа дэлгэв
Хонконгийн алдарт жүжигчин Жэки Чан бага насандаа анхаарал нь төвлөрдөггүй, мөн хэт идэвхжилийн эмгэгтэй (ADHD)байсан гэдгээ илэн далангүй ярьжээ. Тэрбээр саяхнаас Хятадын олон нийтийн “Xiaohongshu” платформ дээр шинэ хаяг нээж, туулж ирсэн амьдрал, сонирхол, ажил мэргэжлийнхээ тухай мэдээллээс хуваалцах болсон юм. ADHD бол нэг талаас анхаарал нь төвлөрдөггүй, нөгөө талаас зан авир, үйл хөдлөл нь хэт идэвхтэй шинж чанарыг агуулсан мэдрэлийн эмгэг юм. Жэки Чан энэ эмгэгээ даван туулахын тулд байнга шинийг эрэлхийлж, аялж зугаалах, бас дуу дуулж, биеийн хүчний дасгал тогтмол хийх, цэцэг тарих, гэрийн тэжээвэр амьтан арчлах зэргээр цаг мөч бүрийг үр дүнтэй өнгөрөөхийг зорьдог байсан аж. Улмаар "Заримдаа хүн зодох ч үе бий. Гэхдээ та гайхах хэрэггүй. Би зөвхөн тулаантай кинонд тоглохдоо л хүнтэй зодолддог” хэмээн хошигножээ. Эцэст нь тэрбээр хийж буй зүйлдээ анхаарлаа төвлөрүүлэхийн тулд насан туршдаа уйгагүй хичээж, өөртөө хатуу чанга шаардлага тавьдаг байсан гэдгээ хэлсэн байна. Жэки Чан нь 1962 онд "The Great and the Small" киногоор уран бүтээлийн гараагаа эхэлж, улмаар "Согтуу мастер", "А төсөл", "Цагдаагийн түүх" зэрэг олон кинонд дүр бүтээж, Хонконгийн тулаант киноны алтан үеийг тэргүүлсэн бөгөөд эдүгээ дал гаруй насандаа ч кинонд тоглосоор байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







