ОХУ: Амьд тагтааг дрон болгон ашиглана
ОХУ тагтааны тархинд мэдрэлийн чип суулгаж, зайнаас удирдах боломжтой кибер тагтаан дрон бүтээж байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна. Их Британийн “The Telegraph” сонины мэдээлснээр, Москвад төвтэй “Neyri” гарааны компани "PJN-1" төслийн хүрээнд дээр дурдсан дроны технологийг хөгжүүлж байгаа ажээ. Уг технологи нь тагтааны гавлын ясанд жижиг электрон чип суулгаж, тагтааны нислэгийн чиглэлийг алсаас удирдах аж. Тус компани мэдэгдэхдээ, уг дрон нь өнөө цагт өргөн хэрэглэгдэж буй механик дронуудаас илүү хол нисдэг, эвдрэл гарахгүй байдлаараа давуу талтай болохыг онцолсон байна. Тагтаанууд өдөрт ойролцоогоор 480 км хүртэл нисэж, хаалттай, нууц газарт нэвтэрч чадна. Компанийн гүйцэтгэх захирал Александр Панов "Бид одоогоор тагтааг голчлон ашиглаж байна. Цаашид ямар ч шувууг орлуулж болно. Тухайлбал хэрээг хүнд ачаа тээвэрлэхэд, цахлайг далайн эргийн байгууламжийг хянахад, альбатросыг далайн мандалд ашиглах талаар төлөвлөж байна" гэжээ. Уг технологийг үйлдвэрлэлийн байгууламжийг шалгах, мөн сураггүй алга болсон хүмүүсийг хайх зэрэг иргэний дэд бүтцийг хянах хэрэгсэл болгоно гэж байгаа ч мэргэжилтнүүд үүнийг цэргийн хэрэглээнд ашиглах боломжтой гэдгийг дурдсан байна. АНУ-ын Батлан хамгаалах яамны Шинжлэх ухааны зөвлөх Жеймс Жордано ийм маягийн био-дроныг биологийн болон химийн зэвсгийн тээвэрлэгч болгон ашиглаж, бусдын нутаг дэвсгэрт өвчин тарааж болзошгүй хэмээн санаа зовж байгаагаа илэрхийлэв. Мөн тус сонин Орос улс тэнгисийн цэргийн баазуудаа Украинаас хамгаалахын тулд тусгайлан бэлтгэсэн дельфинүүдийг ашиглаж байгаа гэж мэдээлсэн байна. “Neyri” компани нь В.Путины хоёр дахь охин Катерина Тихоновагийн удирддаг Москвагийн улсын их сургуулийн Хиймэл оюун ухааны судалгааны хүрээлэнтэй хамтран ажилладаг юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







