Канад: Дэлгүүр дээрэмдэж авсан хүнсээ хүмүүст үнэгүй тараажээ

Канад: Дэлгүүр дээрэмдэж авсан хүнсээ хүмүүст үнэгүй тараажээ


   Канадын Монреаль хотын нэгэн сүпермаркетад Робин Гүүдийн дүрээр хувцасласан хүмүүс халдан хүнсний бүтээгдэхүүн хулгайлснаа хүмүүст үнэгүй тараажээ. CNN агентлагийн мэдээлснээр "Robins of the Alley" нэртэй бүлгийн идэвхтнүүд болох 60 орчим хүн хүнсний дэлгүүрт дайран орж, их хэмжээний бүтээгдэхүүн дээрэмдэн одсон бөгөөд дээрэмдсэн зүйлсээ хотын дүүрэг бүрд байрлах нийтийн хөргөгчинд хийсэн байна. Улмаар хүмүүсийг тэндээс хүссэн хэмжээгээрээ хүнс авч харихыг уриалжээ. Тэд энэ үйлдлээ бүтээгдэхүүний үнийн өсөлтийг эсэргүүцсэн алхам гэж тайлбарлаад "Бид өдөр бүр цуцалтгүй хөдөлмөрлөж олсон мөнгөөрөө зөвхөн ашгийн төлөө ажилладаг сүпермаркетуудыг тэтгэж байна. Хоёр ажил зэрэг хийгээд ч амьдралаа залгуулахад бэрх байна. Үүнийг эсэргүүцсэн бидний зорилго үйлдлээ зөвтгөх болно” хэмээн мэдэгджээ. Цагдаа нар уг хэргийг хууль бус хэмээн үзээд мөрдөн байцаалт явуулж эхэлсэн байна. Өнгөрсөн 12 дугаар сард Монреальд мөн ийм явдал тохиолдсон бөгөөд Санта Клаусын хувцас өмссөн дээрх бүлгийн идэвхтнүүд хүнсний дэлгүүр тонож авсан зүйлсээ савлаж, хотын төв талбайн Зул сарын гацуур модны доор орхисон юм.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.