АНУ: Тэжээвэр гахай нь эзнийхээ гэрийн даалгаврыг иджээ

АНУ: Тэжээвэр гахай нь эзнийхээ гэрийн даалгаврыг иджээ


   АНУ-ын Аризона мужид амьдардаг дунд сургуулийн сурагч Жэйси Тинсли Поли нэртэй тэжээвэр гахайнаасаа болж гэрийн даалгавраа шалгуулж чадахгүй болсон шалтгаанаа багшдаа тайлбарласан хөгжилтэй явдал тохиолджээ. Тэрбээр гэртээ болсон явдал хяналтын камерт буусныг авчирч багшдаа үзүүлээд юу болсон талаар ярьсан байна. Дүрс бичлэгт үлдсэнээр Поли гахай охины ширээн дээр байсан цүнхийг татаж буулгаад, өрөөний нэг буланд чирч аваачин амаараа цүнхийг онгойлгож, дотор нь байсан дэвтэр ном, бусад эд зүйлсийг гаргаж ирнэ. Улмаар нэгэн дэвтрийг шууд урж тасдан зажилж буй нь харагдана. Гахай олон дэвтэр дундаас хамгийн чухал даалгавартай дэвтрийг сонгож сүйтгэсэн нь гайхалтай. Дэвтрээс хагас дутуу ганц хоёрхон хуудас үлдэж, бусдыг нь гахай идэж орхисон байлаа. Цүнх ном нь шалаар нэг хөглөрсөн буйг харсан охин гэрийнхээ камерийн дүрс бичлэгийг хараад нүдэндээ итгээгүй гэнэ. Тэрбээр багшдаа юу гэж тайлбарлах учраа олохгүй эргэлзэж байгаад, итгэхийн аргагүй энэ явдлын бичлэгийг хуулбарлан авч сургууль дээрээ ирээд багшдаа үзүүлж, даалгавраа шалгуулж чадахгүй болсон шалтгаанаа тайлбарласан байна. Багш нь энэ тухай хэвлэлд ярихдаа “Олон жил хүүхдүүдэд хичээл заахдаа ийм хөгжилтэй зүйлтэй анх удаа учирч байна. Бичлэг үзээд би инээдээ барьж үнэхээр дийлээгүй” гэсэн бөгөөд охиныг даалгавраа хийсэнд тооцжээ. Охин өөрт тохиолдсон хөгжилтэй явдлын тухай уг дүрс бичлэгийг цахим орчинд нийтэлсэн бөгөөд 1.5 сая гаруй хүн үзэж, инээд хөөр болсон сэтгэгдэл үлдээжээ. Сүүлийн үед АНУ болон Европт гахай тэжээдэг хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Ийм төрлийн тэжээвэр гахай нь ердийн гахайнаас биеэр жижиг, 30-90 кг орчим жинтэй, маш сониуч зантай ажээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.