Нидерландын хааны хатан цэрэгт элсэв
Нидерландын хаан Виллем-Александрын хатан 54 настай Максима улсынхаа армийн бэлтгэл цэрэгт элсэв. Энэ талаар хааны гэр бүл мэдэгдэхдээ "Хатан Максима манай улсын арми, үндэсний аюулгүй байдлыг үл тоомсорлож болохгүй гэдгийг харуулах үүднээс бэлтгэл цэрэгт элссэн” гэж мэдэгджээ. Тус улсын хуулиар 55 хүртэлх насны хүмүүсийг армийн бэлтгэл цэрэгт элсэхийг зөвшөөрдөг аж. Нидерландын RTL телевиз "Максима хатан өнгөрсөн долоо хоногт цэргийн дүрэмт хувцас болон зэвсэг хэрэглэлээ хүлээн авч сургалтын хөтөлбөртөө сууж эхэллээ" гэж мэдээлсэн бөгөөд хатан цэргийн онол, биеийн тамирын бэлтгэл, буудлага, газрын зураг унших зэрэг богино хугацааны цэргийн сургалтад хамрагдах ажээ. Өнөөдрийн байдлаар тус улсын нөөц цэргийн тоо 9200 байгаа бөгөөд энэ тоог улам нэмэгдүүлж, 2030 он гэхэд 20 мянгад хүргэхээр төлөвлөж байна. Мөн арав хоногийн өмнө түүний том охин Амалиа гүнж Үндэсний батлан хамгаалах их сургуулийн ерөнхий цэргийн сургалтанд хамрагдан ахмад цол хүртэж, аав, ээж нь охиныхоо төгсөлтийн баярт оролцжээ. Амстердамын их сургуулийн Хуулийн ангийн оюутан Амалиа цэргийн сургуулийг дүүргэснээс хойш элсэгчдийн тоо огцом нэмэгдсэн байна.
Хааны гэр бүлийнхэн армид алба хаадаг уламжлал Европын бусад оронд ч бий. Тухайлбал, Норвегийн гүнж Ингрид Александра саяхан 15 сарын цэргийн алба хаасан бол Бельгийн гүнж Элизабэт 2021 онд Хааны цэргийн академид цэргийн шинжлэх ухааны чиглэлээр нэг жил суралцсан байна. Мөн Их Британийн хааны гэр бүлийн олон гишүүн цэргийн алба хаажээ. Испанийн гүнж Леонор эдүгээ Агаарын цэргийн академид цэргийн сургалтанд хамрагдаж байгаа бөгөөд өнгөрсөн жил байлдааны онгоц бие даан жолоодсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







