Австрали: 13 настай хүү далайн усанд хоригдсон гэр бүлийнхнээ хэрхэн аврав?
Остин хүү ээж, дүү нарын хамт

Австрали: 13 настай хүү далайн усанд хоригдсон гэр бүлийнхнээ хэрхэн аврав?


   Баруун Австралийн Перт хотын оршин суугч, 13 настай Остин Эплби хүү өнгөрсөн сарын 30-ны өдөр ээж болон 12 настай, 8 настай хоёр дүүгийн хамт Куиндалуп хотын ойролцоо далайн усанд бага оврын хоёр завиар сэлж зугаацаж байжээ. Гэтэл тэдний завь хүчтэй давалгаанд цохигдон эргээс холдож, салхи улам ширүүссэний улмаас буцах аргагүй болсон байна. Улмаар хүчтэй салхины улмаас ээж нь сэлүүрээ алджээ. Энэ үед нэг завиар тусдаа сэлж явсан Остин хүү тусламж дуудахаар эрэг рүү чиглэн сэлүүрдэж эхэлжээ. Гэвч удалгүй завь нь усаар дүүрч, урагшлах боломжгүй болсон тул хүү завиа орхиод ганцаараа сэлж эхэлсэн байна. Өмссөн аврах хантааз нь саад болж байсан тул тайлж хаяад нийтдээ дөрвөн цаг сэлсний хүчинд эрэгт хүрчээ. Энэ тухайгаа Остин BBC агентлагт ярихдаа “Сэлж байхдаа айдсаа даван туулахын тулд залбирч, авралын магтаал дуулж, бас эерэг сайхан зүйл бодохыг хичээж байсан" гэсэн байна. Хүү эрэгт хүрмэгц ээжийнхээ цүнхнээс гар утсаа гаргаж аврах албаныханд дуудлага өгөөд ухаан алджээ. Орон нутгийн аврах албаныхан дуудлага авсан даруй шуурхай ажиллаж, ээж болон хоёр дүүг нь олж аварсан бөгөөд тэд  далайн эргээс 14 километрийн зайд сэлүүргүй завинаасаа салахгүйг хичээн зуурсаар байжээ. Далайн аврах албаны ахмад Пол Бресланд "Хүү маш тодорхой мэдээлэл өгсөн нь эрлийн ажилд их тус болсон. Бид нэг цагийн дотор тэднийг олж чадсан. Нөгөө талаар Остин хүүгийн сэлэх чадвар үнэхээр гайхалтай байлаа” гэжээ. Мөн хүүгийн ээж, 47 настай Жоан Эпплби "Би Остиныг эрэг рүү явуулахаас өөр арга байгаагүй. Үнэнийг хэлэхэд хүүгээ тийм аюултай зам туулж биднийг аварна гэж итгээгүй. Үхээд сэхэх шиг л боллоо. Баатарлаг хүүгээрээ бахархаж байна” гэсэн бол Остин "Тийм аюултай нөхцөлд ээж, дүү нараа би аврахгүй бол өөр хэн аврах билээ. Өөрийгөө баатарлаг үйл хийсэн гэж бодохгүй байна” гэжээ.


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.