Кени: Валентины баяраар мөнгөн дэвсгэртээр цэцгийн баглаа хийхийг хориглоно
Кени улсын Төв банк Валентины баяраар мөнгөн дэвсгэртээр цэцгийн баглаа хийдэг явдлыг хориглож, зөрчсөн тохиолдолд шоронд хорих хүртэл ял оноохыг анхааруулав. Мөнгөн тэмдэгтийг зориулалтын бусаар ашиглах, цавуу, үдээс, зүү ашиглан цэцгийн баглаа хийх нь мөнгөн дэвсгэртийг ихээр гэмтээдэг бөгөөд нэгэнт гэмтсэн дэвсгэртүүд нь АТМ болон мөнгө тоолох машиныг эвддэг тул дээрх журам зөрчсөн иргэнийг долоон жил хүртэл хугацаагаар хорих ял оноох журамтай гэдгийг Төв банк онцлон мэдэгджээ. Амьд цэцэг үйлдвэрлэлийн дэлхийн зах зээлд тэргүүлэгч, томоохон экспортлогч тус улсын ард иргэд, ялангуяа цэцгийн худалдаачид энэ журмыг сайшааж, жинхэнэ цэцгээр баглаа урлаж бэлэг болгохыг илүүд үзэж байна. Кени улсаас гадна Африкийн олон орон мөнгөн тэмдэгтийг зориулалтын бусаар ашиглахгүй байх талаар анхааруулга гаргажээ. Нигери улсад хурим, үдэшлэг дээр мөнгөн дэвсгэрт цацаж, хүмүүс булаацалдан түүж авахад урагдах, гишгэгдэх зэргээр гэмтээдэг явдлыг хориглож, зөрчсөн тохиолдолд хуулийн хариуцлагад татна гэдгийг анхааруулжээ. Мөн Гана улсад мөнгөн дэвсгэртээр бялуу хийдэг явдлыг хориглосон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







