Хиймэл оюунаар бүтээсэн хуурамч мэдээнүүд Европын орнуудыг түгшээж байна
Сүүлийн үед Европын орнуудад хиймэл оюуны "Deepfakes" сүлжээ ашиглан бүтээсэн хуурамч мэдээллүүд олширч, хүмүүсийг эргэлзээнд оруулж байна. Хиймэл оюун ухааны технологийн хурдацтай дэвшил нь аливаа мэдээлэл жинхэнэ эсэхийг даруй шалгах боломжгүй болгож байгаа тул хуурамч мэдээ, мэдээллүүд улс орны аюулгүй байдалд заналхийлж, нийгмийн эмх замбараагүй байдал үүсгэж байна. Тухайлбал саяхан Францад "Парис хотод төрийн эргэлт гарлаа" гэсэн видео мэдээ Facebook болон TikTok сүлжээгээр таржээ. Тус мэдээнд Эйфелийн цамхагийн наана зогсоо сэтгүүлч эмэгтэй “Армийн хурандаа засгийн эрхийг булаан авч, Ерөнхийлөгч Эммануэль Макроныг түлхэн унагасан байж магадгүй” хэмээн мэдээлсэн байна. Сэтгүүлч бүсгүйн ард зэвсэглэсэн цэргүүд жагсан зогсож, нисдэг тэрэгнүүд дээгүүр эргэлдэн байгааг дүрсэлсэн уг хуурамч мэдээг дэлхий даяар 13 сая хүн үзжээ. Ерөнхийлөгч Э.Макроны засаг захиргаа тэр даруй “Meta” компанид хандаж уг хуурамч мэдээг устгахыг хүссэн боловч “Мета” татгалзаж, "Энэ бичлэг нь хэн нэгний аюулгүй байдалд шууд занал учруулаагүй, мөн манай үйлчилгээний нөхцөлийг зөрчөөгүй" гэсэн тайлбар хийжээ. Хариуд нь Э.Макрон тус компанийг шүүмжилж, "Тэд ардчилсан улсын бүрэн эрхт байдлыг тохуурхан шоолж, ард иргэдийг түгшээж байна" гэжээ. Харин бичлэгийг байршуулсан этгээд нь Африкийн Буркина Фасо улсын харьяат өсвөр насны хүү болохыг тогтоосон байна. Хүү Францын “Le Monde” сонинд өгсөн ярилцлагадаа "Надад ямар нэгэн улс төрийн зорилго байгаагүй, зүгээр л цахим орчинд олон хандалт авахыг хүссэн. Ийм зүйл болно гэж бодсонгүй. Би чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна" гэжээ. Тэрбээр OpenAI-ийн дүрс болон видео үүсгэх хиймэл оюун ухаан ашиглан хэдхэн минутын дотор уг мэдээг бүтээсэн болохоо хэлжээ. Хүү тэр даруй бичлэгээ устгасан бөгөөд энэ хооронд шинээр 300 мянга гаруй дагагчтай болжээ. Мөн саяхан өөрийгөө эмч гэж танилцуулсан нэгэн эр Германы канцлер Фридрих Мерцийг сэтгэцийн хүнд өвчтэй хэмээн мэдэгдсэн хуурамч мэдээлэл цацжээ. Гэвч энэ бичлэг нь ирэх хоёрдугаар сард болох сонгуулийн өмнө Германы улс төрд нөлөөлөх зорилготой Оросын ажиллагаа болох нь тогтоогдсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







