Тайвань: 72 настай эмэгтэй бодибилдингийн аварга болов
Тайванийн бодибилдинг, фитнессийн холбооноос өнгөрсөн сард зохион байгуулсан "2025 оны Ерөнхийлөгчийн цомын аварга шалгаруулах тэмцээн"-д Тайбэй хотын уугуул, 72 настай эмэгтэй Лин Шүйжи тэргүүн байр эзэлсэн тухай “South China Morning Post” сонин мэдээлэв. Тус тэмцээн нь энэ жилээс 70-аас дээш насныхныг хамруулж эхэлсэн ажээ. Таван ач зээтэй, "булчинлаг эмээ" хочтой хатагтай Лин биеийн галбир төрх, өөртөө итгэлтэй байдлаараа шүүгчид болон үзэгчдийн сэтгэлийг татаж байжээ. Сувилагч мэргэжилтэй тэрбээр олон арван жилийн турш өвчтөнүүдэд цусны даралт ихсэх, чихрийн шижин өвчний эсрэг хоолны дэглэм барих, дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөдөг байсан бөгөөд өөрөө 69 настайгаасаа эхлэн өвчтөнүүддээ үлгэр дуурайл үзүүлэхийн тулд дасгал хийж эхэлсэн байна. Түүний шаргуу хичээл зүтгэл ч үр дүнгээ өгч, 2023 оны бодибилдингийн улсын аварга шалгаруулах тэмцээнд гуравдугаар байр эзэлжээ. Тэрбээр "Нэг удаа би ачтайгаа усанд орж байхад тэр миний биеийг хараад "Та бол ялагдашгүй гайхамшигтай эмэгтэй" гэж хэлсэн нь надад маш их урам зориг хайрласан” гэжээ. Зүрх судасны эмч мэргэжилтэй нөхөр нь түүний хичээл зүтгэлийг ямагт дэмждэг. Түүний өдөр тутмын дасгал хөдөлгөөн маш энгийн. Даваагаас Баасан гараг хүртэл өглөө бүр нэг цаг дасгал хийдэг. Улмаар нүүрс усны хэрэглээг багасгаж, хагас боловсруулсан болон бэлэн хоолноос татгалзаж, бодибилдингээс гадна йог, цэнгээнт бүжиг хийж, чөлөөт цагаараа уран зураг зурдаг ажээ. Тэрбээр хүмүүст хандаж, "Амьдралын хоёр дахь үе буюу тэтгэврийн нас нь цаг зав ихтэйн дээр боломжоор дүүрэн байдаг. Хүсэл эрмэлзэлтэй л бол шинэ зүйл сурч, бие бялдар, оюун ухаан, сэтгэлгээгээ хөгжүүлэхэд хэзээ ч оройтдоггүй" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







