Хятад: Тяньаньмэний хэрэг явдалд оролцохоос татгалзсан армийн командлагчийн шүүх хурлыг бичлэг ил болжээ
1989 онд Хятадын нийслэл Бээжин хотын Тяньаньмэний талбайд болсон эсэргүүцлийн жагсаалыг дарахаас татгалзсаны улмаас шоронд хоригдож байсан Ардын чөлөөлөх армийн 38 дугаар дивизийн командлагч асан, талийгаач Сюй Цинсяний шүүх хурлын видео бичлэгийг олон нийтэд ил болгожээ. 1989 онд Тяньаньмэний талбайд болсон эсэргүүцлийн жагсаалыг хүч хэрэглэн дарахаас татгалзсаны улмаас Сюйг таван жилийн ялаар шийтгэсэн бөгөөд суллагдсаныхаа дараа ч тэрбээр амьдралынхаа үлдсэн хугацааг гэрийн хорионд, засгийн газрын хараа хяналтад өнгөрөөсөн юм. Дээрх бичлэгийн талаар “The New York Times” сонин "Цэргийн шүүхийн нууц бичлэг задарснаар тухайн үед Дэн Сяопин Бээжинд цэргээ оруулахаар бэлтгэж байхад арми дотор зөрчилдөөн үүсээд байсныг илчиллээ" гэжээ. 1990 оны гуравдугаар сарын 17-нд болсон шүүх хурлын бичлэгт Сюй энгийн хувцастай шүүх танхимд сууж байгаа нь харагдах бөгөөд тэрбээр өршөөл үзүүлэхийг хүссэнгүй, харин цэргийн хүчээр жагсаалыг дарах тушаалыг яагаад биелүүлээгүй талаар товч тайлбар хийсэн байна. Шүүгч түүнээс ямар үндэслэлээр тушаал биелүүлэхгүйг асуухад “Би энэ явдалд оролцохыг хүсээгүй” гэж хариулсан байна. Улмаар "Энэ хэргийг сайн биелүүлсэн хүн баатар болж, муу гүйцэтгэвэл түүхийн буруутан болно гэдгийг мэдэж байсан” гэж хариулжээ.
Хятадад Тяньаньмэний талбай дахь ардчиллын хөдөлгөөнийг цус урсган дарсан явдалтай холбоотой контентыг нийтэд дэлгэхийг хатуу хориглодог. Энэ бичлэг ямар замаар тарсан нь тодорхойгүй байгаа ч YouTube сувагт байршуулсан видео бичлэгийг одоогоор 1.25 сая хүн үзсэн байна. Бичлэгийн талаарх сэтгэгдэл хэсэгт нэгэн иргэн "Би нэгэн цагт 38-р армид алба хааж байсан ахмад дайчны хувьд командлагч Сюйгээр бахархаж байна. Түүх, ард түмэн таныг үүрд дурсах болно" гэжээ. Энэ бичлэгийг YouTube сувагт нийтэлсэн хятад гаралтай Тайванийн түүхч Ву Ренхуа "Би энэ бичлэгийг найдвартай эх сурвалжаас авсан. Харин эх сурвалжийг нууцална" гэж мэдэгджээ. Мөн тэрчлэн 30 гаруй жилийн турш Тяньаньмэний хэрэг явдалтай холбоотой материал цуглуулж байгаагаа хэлсэн байна. Ву Ренхуа нь 1989 онд Бээжинд оюутан байхдаа Тяньаньмэний талбайд болсон эсэргүүцлийн жагсаалд оролцож байжээ. Харин дивизийн командлагч асан Шүй нь 2021 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр 85 насандаа Хэбэй мужийн цэргийн эмнэлэгт өөд болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







